Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засаг захиргаа ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг криптовалютын биржийн эсрэг хориг зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын сангийн яам Орос эзэмшилтэй криптовалютын биржийн эсрэг эдийн засгийн хориг зарлажээ.

Энэ нь хууль бус мөнгө угаах ажиллагаа явуулдаг шалтгаанаар криптовалютын биржийн эсрэг авсан анхны хориг арга хэмжээнд тооцогдож байна. Хоригт орсон SUEX нэртэй крипто арилжааны төв нь Чех улсад бүртгэлтэй ч ОХУ-д үйл ажиллагаа нь төвлөрдөг ажээ.

Сүүлийн жилүүдэд Ransomware гэгддэг кибер халдлагын гэмт хэрэг огцом нэмэгдэж байгаа. Хакерууд томоохон байгууллагын компьютерийн систем, мэдээллийн санг гартаа оруулж барьцаалсныхаа дараа мөнгөөр буцааж чөлөөлдөг аргыг Ransomware гэдэг юм.

Гэмт этгээдүүд барьцааны мөнгөө криптовалют хэлбэрээр хүлээж авдаг байна.

Өнгөрсөн онд ийм халдлагын хохирогчид нийтдээ $400 саяыг хакеруудад төлсөн нь

2019 оныхоос дөрөв дахин өссөн тоо болохыг АНУ-ын засаг захиргаа мэдээлжээ.

SUEX биржийн мэдэгдэж байгаа арилжааны 40 орчим хувь нь ransomware халдлагатай холбоотой гүйлгээ байдгийг АНУ-ын сангийн яам мэдээлсэн байна.

SUEX биржийн үйлчилгээг авахад ямар нэг бичиг баримт шаарддаггүй, бусад хэрэглэгчдийн урилга байхад л хангалттай гэнэ. Үүнээс гадна хамгийн бага гүйлгээний хэмжээ нь $10,000 байдаг ажээ.

Хоригийн хүрээнд SUEX бирж АНУ-ын хуулийн этгээдүүд рүү хандах эрхгүй болж, Америкчууд SUEX бирж дээр арилжаа хийхийг хоригложээ.

Хамгийн сүүлд АНУ-д гарсан томоохон ransomware халдлагуудыг Оросын талаас үйлдсэн гэж үзэж байгаа. Тухайлбал Colonial Pipeline шатахуун түгээлтийн компанийн дамжуулах хоолойн дэд бүтэц, Kaseya программ хангамжийн компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бизнесийн байгууллагууд уг халдлагад өртөж байжээ.

Энэ оны зургаадугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаа Женев хотод уулзах үеэр кибер гэмт хэргийн асуудал тэдний ярианы гол сэдвүүдийн нэг болж байсан юм.

 

Эх сурвалж: Politico