Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Evergrande-ийн дампууралтай холбоотой айдас АНУ-ын хөрөнгийн зах зээлийг унагав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унасан нь Хятадын хоёр дахь том үл хөдлөх хөрөнгийн компанийн санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой байлаа.

Тухайлбал S&P 500 индекс өчигдөр 1.7 хувиар унасан нь тавдугаар сараас хойших хамгийн хүчтэй уналт байв. Уналтынхаа оргил үед 2.9 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойш үзэгдээгүй явдал болжээ.

Үүнээс гадна Dow Jones Industrial Average индекс 1.8, NASDAQ индекс 2.2 хувиар тус тус унасан юм. Хонг Конгийн хөрөнгийн биржийн гол индекс Hang Seng өчигдөр 3.3 хувиар унасан нь долдугаар сараас хойших хамгийн том уналт болжээ.

Европын зах зээлүүд өчигдөр бас 2 орчим хувийн уналттай байлаа.

Уналтын гол шалтгаан нь Хятадын хоёр дахь том үл хөдлөх хөрөнгө үйлдвэрлэгч Evergrande компани өрөө хугацаанд нь төлж чадахгүй болсонтой холбоотой.

Хэрвээ тус компани өрөө төлж чадахгүй бол 2008 онд Lehman Brothers банкны дампуурлаас үүдэлтэй бий болсон шиг санхүүгийн хямрал үүсэх вий гэсэн айдас дэлхий даяар бий болоод байна.

Хэрвээ Evergrande өрөө хугацаанд нь төлж чадахгүй бол тус компанийн бондыг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчид бусад хувьцаагаа зарж, алдагдлаа нөхөх арга хэмжээ авч болзошгүй юм. Ингэсэн тохиолдолд үл хөдлөх хөрөнгөтэй хамааралгүй бусад салбаруудын хувьцааны үнэ ханш унаж, дэлхийн хөрөнгийн зах зээлд гинжин урвал явагдах эрсдэлтэй.

Гэхдээ зах зээлийн шинжээчид ийм үзэгдлээс сэргийлэх арга хэмжээг Хятадын засгийн газар авах байх гэж найдаж байна. Evergrande-аас гадна бусад хүчин зүйлүүд ч АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналтад нөлөөлж байгаа юм.

Тухайлбал Лхагва гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн банк цар тахалтай холбоотой эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдээ зогсоох, сулруулах шийдвэрийг зарлаж магадгүй гэсэн айдас бий болоод байна.

Даваа гарагийн уналт юутай холбоотой байхаас үл хамаараад АНУ-ын хөрөнгийн зах зээлд доргилт үүсэх цаг нь болсон гэж зарим шинжээчид үзэж байгаа юм.

Учир нь S&P 500 индекс өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тасралтгүй өсөж байгаа нь ховор үзэгдэл.

Morgan Stanley-ийн стратегичид S&P 500 индекс ойрын үед 20 гаруй хувиар унах магадлалтай гэж дүгнэжээ. Дээр дурдсан саад бэрхшээлүүдийг алгасаж чадсан ч хөрөнгийн зах зээл 10 орчим хувиар унах өндөр магадлалтайг Morgan Stanley-ийн шинжээч Майкл Уилсон хэлж байна.

Өчигдөр бас технологийн компаниудын  хувьцааны үнэ ханш нийтээрээ унасан өдөр байлаа. Тухайлбал Apple компанийн хувьцаа 2.1, Nvidia компанийн хувьцаа 3.6 хувиар унажээ.

Газрын тосны үнэ 2.3 хувиар буурсан нь эрчим хүчний компаниудад нөлөөлж, ExxonMobil-ийн хувьцаа 2.7 хувиар унасан юм. Криптовалютын зах зээлд бас уналт ирж, биткоины ханш 8 орчим хувиар унаж, нэгжийн үнэ $43,717 хүрсэн байна.

Харин агаарын тээврийн компаниудын хувьцаа өчигдөр өсөлттэй хаагдсан нь АНУ агаарын хилээ зарим улс орнуудад нээх болсонтой холбоотой байв. Тухайлбал American Airlines-ийн хувьцаа 3, Delta Airlines-ийнх 1.7, United Airlines-ийнх 1.6 хувиар тус тус өсчээ.

 

Эх сурвалж: Associated Press