Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцин тариулаагүй Бразилын ерөнхийлөгч Нью Йоркийн гудамжинд пицца зоогложээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт болох НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулганд оролцохоор дэлхийн улс орнуудын удирдагчид АНУ-ын Нью Йорк хотод цуглаад байгаа билээ.

Нью Йорк хотод хэрэгжиж байгаа журмын дагуу ресторан, хоолны газарт танхимаар үйлчлүүлэх хүмүүс заавал вакцинжуулалтад хамрагдсан байх ёстой.

Тэгвэл Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару энэ шаардлагыг хангаагүй тул Нью Йорк хотод ирсэн эхнийхээ оройн зоогийг гудамжинд барьсан байна.

Түүний дагалдагчдынхаа хамт пицца идэж зогсоо зургийг Бразилын засгийн газрын сайд Луйз Эдуардо Рамос сошиал хуудсандаа нийтлээд “Нью Йоркийн тансаг оройн зоог” гэсэн тайлбар бичжээ.

Болсонару пиццагаа Кока-Кола ундаагаар даруулсныг бас мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногоос Нью Йорк хотод хэрэгжиж эхэлсэн журмын дагуу ресторан, баар, кафе, үзвэр үйлчилгээ, фитнес төвд танхимаар үйлчлүүлэх хүмүүс вакцины ядаж нэг тунд хамрагдсанаа батлан харуулах ёстой болсон юм.

Хотын захиргаа уг журмыг дагахыг НҮБ-ын чуулганыг зохион байгуулагчдаас бас шаардсан байна.

НҮБ-ын тал эхлээд шаардлагыг зөвшөөрч байсан ч сүүлд татгалзсан гэнэ. Учир нь ерөнхий ассемблейн суулганд оролцох гадаадын хүндэт зочдыг онцгойлон харж үзэх ёстой гэж тэд үзжээ.

Дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 20 улсын (Group 20) төрийн тэргүүнүүд дотроос Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару ганцаараа вакцинжуулалтад хамрагдаагүй юм байна.

Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Нью Йорк хотын захирагч Билл де Бласио “Би энд ирэхээр төлөвлөж буй дэлхийн бүх улс орнуудын төрийн тэргүүнүүдэд, ялангуяа Бразилын Болсонаруд вакцин тариулсан байх шаардлагатайг анхааруулж байна. Хэрвээ та вакцин тариулах хүсэлгүй бол бусдын аюулгүй байдлыг бодолцоод энд битгий ирээрэй” гэж мэдэгджээ.

Коронавирусийн цар тахлын аюулыг үл ойшоодгоороо алдартай Болсонару “вакцин тариулах хамгийн сүүлчийн Бразил хүн болно” гэж өмнө нь зарлаж байв. Өөрөөр хэлбэл тэр 210 сая орчим хүн амтай улсынхаа насанд хүрсэн иргэдээс хамгийн сүүлд вакцинжуулалтад хамрагдах аж.

Тэрбээр Мягмар гарагт НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулганд үг хэлэх юм. Болсонаруг дагалдаж ирсэн албаныхны дотроос нэг хүн халдвартай нь тогтоогдож, тусгаарлагдаад байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP