Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад хүүхдүүд ТикТок үйлчилгээг өдөрт 40 минут хэрэглэх хязгаартай болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр хүүхдүүд, өсвөр насныхны дунд хамгийн их хэрэглэгддэг сошиал платформуудын нэг нь Хятадын компанийн хөгжүүлсэн ТикТок болоод байгаа.

Богино хэмжээний видео бичлэг хуваалцдаг уг платформын Хятадын зах зээлд зориулсан хувилбарыг Douyin гэдэг.

Тэгвэл Douyin үйлчилгээ 14 хүртэл насны хүүхдүүдийн хэрэглээг цагаар хязгаарлах болсноо өчигдөр зарлажээ. Шинэ журмын дагуу хүүхдүүд Douyin үйлчилгээнд жинхэнэ нэрээрээ бүртгүүлсэн байх ёстой бөгөөд өглөөний 06:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд нийт 40 минут хэрэглэх хязгаартай болсон байна.

Уг үйлчилгээнд 18 хүртэл насныхан бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагчаасаа зөвшөөрөл авах ёстой байдаг. Харин насны доод хязгаар байхгүй юм байна.

Гадаад зах зээлд зориулсан хувилбар болох ТикТокт насны доод хязгаарыг 13-аар тогтоосон байдаг.

Сүүлийн үед Хятадын засгийн газраас хүүхдүүдийн онлайн хэрэглээг хязгаарлахад их анхаарал тавих болсон юм. Douyin-ий авсан арга хэмжээ нь эрх баригчдын зүгээс тавьсан шаардлагын хүрээнд гарсан бололтой. Долоо хоногийн зөвхөн Баасан гараг, амралт, баярын өдрүүдэд тус бүр нэг цаг онлайн тоглоом тоглох хязгаарыг өнгөрсөн сараас эхлэн тус улсад нэвтрүүлсэн юм.

Хятадын иргэд хоногт таван цагийг интернэт хэрэглээнд зарцуулдгийн хоёр цаг нь сошиал медиад зориулагддаг гэсэн тоо баримт бий. Нийт насанд хүрээгүйчүүдийн 95 хувь буюу 183 сая хүүхэд интернэт хэрэглэж буйг тус улсын төв телевиз саяхан мэдээлжээ.

Үүний улмаас хүүхдүүдийн дунд ойрын хараа муудах, бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд доройтох явдал нэмэгдсэн нь Бээжингийн эрх баригчдын санааг зовоож байна. 

 

Эх сурвалж: BBC