Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Гэрэлт-Од: Ерөнхийлөгч байсан хүн Ерөнхий сайдад зөвлөж буй нь болчимгүй үйлдэл

М.Мөнхцэцэг, Өдрийн сонин
2021 оны 9 сарын 20
Өдрийн сонин
Зураг зураг

МУБИС-ийн багш, улс төр судлаач доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга Еронхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон тухай мэдээлэх боллоо. Ардчилсан намаас сонгогдож Төрийн тэргүүн болсон хүн эрх баригч Ардын намд үйлчилж байна. Энд улс төрийн ямар тоглолт явагдаад байна вэ?

-Анх нэг намаас нэр дэвшиж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үнэн.

Харин одоо ямар нэг улс төрийн намын байр суурь илэрхийлэхгүй, төрийн бодлогын залгамж чанарыг хангаж байх үүрэгтэй байх. Учир нь энэ хүн одоо улстөрч биш, харин төрийн зүтгэлтэн байх учиртай.

Ерөнхийлөгч байсан хүн насан туршдаа энэ нэр хүнд, итгэл үнэмшил, үнэт зүйлийг тээж явах үүрэгтэй. Угтаа АН-ын, эсвэл МАН-ын Ерөнхийлөгч гэж байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч л гэж бий.

Албаа өгөөд аль нэг намд элсээд, улс төр хийгээд явах нь ёс зүйн хувьд хориотой. Харин Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд зөвлөөд явж байх нь зохимжтой.

Түүнээс Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон нь олон хүний санааг зовоож байх шиг харагдаж байна. Ерөнхий сайд чинь ялсан намын даргын албан тушаал. Тиймээс Ардын намд үйлчилж байна гэж дүгнээд байгаа байх. Ямартаа ч зохимжгүй нүүдэл харагдаж байна.

-Ерөнхийлөгчийн шинэ хуулийн төсөлд төрийн тэргүүнээс буусан хүн тодорхой хугацаанд аль нэг нам эвсэлд элсэх болон байгуулахыг хориглоно гэж тусгагдсан байсан. Экс Ерөнхийлөгчийн тухайд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд ийм эрх зүйн боломж нь хангагдсан уу?

-Одоо санал авч байгаа Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн 23.1-д "Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно" гэсэн заалт орсон.

Энийг амьдралаас урган гарсан зохицуулалт гэж харж байгаа. Хэрэв санаж байгаа бол Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр нам байгуулаад явж байсан. Одоо Х.Баттулга мөн л улс төрийн нүүдэл хийж магадгүй. Бид хэтэрхий хардаад байж мэднэ. Ер нь хуульд ийм заалт оруулах нь ач холбогдолтой гэж харж байгаа. Харин УИХ энэ хуулийг батлахдаа үйлчлэх хугацааг хэзээнээс хэрэгжиж эхлүүлэхээр заахыг хэлж мэдэхгүй байна.

-Түүнийг Ерөнхий сайдын зөвлөх болсонд Ардын намын зарим гишүүд дургүйцэж байгаа харагдсан. Ер нь түүнийг хүлээж авах дургүй байгаа юм биш үү. Тэрийг нь мэдэж, тооцоолсон баймаар...

-Ганцхан Ардын нам ч биш, Ардчилсан намынхан дургүйцэж байгаа харагдсан. Цаад шалтгаан нь аль нэг намдаа биш байх. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн учраас олон хүнд харамсал төрсөн байх.

-Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа МАН-ыг тараана гэж байсан хүн. Гэтэл өөрөө энэ намын Засгийн газарт зөвлөөд сууж байна гэдэг нь тэд асар их ашиг сонирхлоор холбогдсон гэж нийгэмд харагдаж байна л даа. Тэгэхээр Ерөнхий сайдын зөвлөх болсон нь түүнд болон Засгийн газрын тэргүүнд ямар ашигтай юм бэ?

-Монголын улс төрийн байгаа царай нь л энэ.

Ерөнхийлөгч хүн сайн судалгаан дээр тулгуурлаж аливаа шийдвэр гаргадаг байх ёстой. Энэ хүнд туслах бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байсан хүний хувьд нэлээд болчимгүй үйлдэл байсан.

Монголд улс төрийн намууд төлөвшөөгүй, дотоод ардчилал хангалтгүй байгаа нь үнэн. Харин улс төрийн институцийн төлөвшлийг хангахын төлөө юу хийж болох вэ гэж харах ёстой байсан.

Өнөөдөр өөрөө тэр намдаа зөвлөж байгаа нь гайхширал төрүүлж байна. Ерөнхийлөгч байсан хүний ноён нуруу, зангараг харагдахгүй, өнөө маргаашийн ашиг сонирхол байгаа бололтой. Засгийн газрын тэргүүнд яг ямар ашигтайг ч мэдэхгүй. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдвөл хуучин Ерөнхийлөгчөөр дамжуулж УИХ дахь АН-ын гишүүдэд нөлөөлөх байх. Өөрөөр ч ач холбогдол харагдахгүй л байна. Харин нам доторх дэмжлэг нь буурах байх даа.

-Харин АН-д ямар нөлөөтэй байх вэ?

-АН өнөөдөртөө улс төрийн хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй харагдаж байна.

Хамгийн түрүүнд дотоод нэгдэл, эвлэрэл дутагдаж байна. Энэ сул тал дээр Ардын намын дарга, Ерөнхий сайд Засгийн газраа тогтвортой байлгах улс төр л харагдлаа. Тэгэхээр АН-д угаас ашиггүй.

АН чинь үе үеийн сонгогчдын 40 хүртэлх хувийн дэмжлэг авдаг байсан улс төрийн хүчин шүү дээ. Харин сонгогчдын таван хувийн дэмжлэг автлаа унаад байна.

-АН-ын хагаралд хүргэсэн хүн бол Х.Баттулгыг гэж намын журмын нөхөд нь буруутгаж байгаа харагддаг. Одоо эрх баригчдад үйлчилж буй нь энэ үйл явдлыг нь улам батлаад байх шиг. Үзэл бодлын зөрүүтэй хүмүүс өөрсдийгөө ил болгоод нэг талдаа гарчихав уу?

-АН-ын түүхэн зовлон нь энэ байх. Өнгөрсөн гуч гаруй жилд өнөөдрийн АН чинь Ардын намын эсрэг гэсэн жижиг намуудын түүхэн нэгдэл.

Эргэн харахад дандаа сонгуульд ялагдсан үедээ нэгдэж байсан. МАН сул байсан бол АН ингэж томрохгүй байсан байх. Шууд утгаараа сонгуулийн тогтолцооны ур дагавар юм шүү дээ. Ийм намд янз бүрийн хүмүүст улс төр хийж ирсэн, тэдний нэг л Х.Баттулга.

Миний харж байгаагаар Х.Баттулга АН- ыг сулруулаагүй. АН өөрөө сул нэгдэл учраас суларсан байх. Цаашид АН маш хурдан цэгцрэх хэрэгтэй байна. Маш сайн институцижсэн улс төрийн хүчин болох хэрэгтэй. Энэ нь дотоод ардчилалтай, нэгдмэл үнэт зүйлтэй, сахилга баттай, дүрэм журмаа сайтар дагаж мөрдөх нь чухал.

-Улс төр судлаачийн хувьд та нөхөн сонгуулийг хэрхэн харж байна вэ. АН-ын саналыг хуваахын тулд МАН халаасны жижиг намуудаа оролцуулж байна уу?

-МАН олон нам, нэр дэвшигчийг өрсөлдүүлж байгаа нь АН-ын эсрэг байна гэж хэлж байна уу. Энэ асуудлыг хөндвөл нэлээд өргөн хүрээтэй асуудалд хандаж ярилцах байх. Юуны түрүүнд сонгуулийн тогтолцоо, дараа нь намуудын төлөвшил, тэгээд улстөрчдийн ёс зүйн тухай ярилцах байх.

Маш товчхондоо бол олон мандаттай том тойргийн тогтолцооны сул тал гэж харах хэрэгтэй. Ийм сонгуулийн тогтолцоо манайд зохихгүй гэж нэлээд олон удаа хэлсэн. Одоо байгаа эрх зүйн орчин маань ийм учраас намууд саналыг хуваах тактик барих байх.

Энэ тохиолдолд зөвхөн эрх баригч намдаа л ашигтай байх болно. Нөхөн сонгуульд улс төрийн намууд нэг их ач холбогдол өгөхгүй. Учир нь хүчний харьцаанд өөрчлөлт орохгүй учраас.

Зураг