Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бидэнд хамаатай бэлчээр

ikon.mn
2021 оны 9 сарын 20
iKon.MN

Бэлчээрийн экосистем нь олон зуун сая жилийн турш бүрэлдэн тогтсон, тухайн орчиндоо хамгийн тохиромжтой ургамал, амьтны аймаг байгалийн жамаар шалгаран зохицон амьдaрдаг амьд биесийн нэгдэл билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, гадаад дотоод бусад хүчин зүйлсийн харилцан үйлчлэлээс хамааран байгалийн гамшгийн эрсдэлийг даван туулдаг бэлчээрийн экосистем урьд урьдынхаасаа  ч илүү эмзэг болсоор байна.

Нөгөөтэйгүүр, байгалийн гамшигт үзэгдлүүдийн байгальд үзүүлж буй үр нөлөө нь хөрш зэргэлдээ аймаг, сумдыг хамраад зогсохгүй, хүний тогтоосон хил хязгаар бүсчлэлээс үл хамааран, хил залгаа улс оронд ч хүрч болзошгүй эрсдэлтэй.

Бэлчээрийн экосистем ба мал аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж бэлчээрийн доройтол, цөлжилт эрчимжиж байгаа нь дараах байдлаар илэрдэг. Үүнд:  бэлчээрийн ургамлын ургацын хэмжээ буурах, хортон шавж, оготнын тархалт ихсэх, ургамал амьтны төрөл зүйлийн тархалт багасах зэрэг байгалийн доройтлууд орно. Түүнчлэн малчид малын бэлчээр, усны хангамжаас шууд хамааралтай учир уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд нийгмийн хамгийн эмзэг бүлэгт гулсан орсоор байна.

Одоогоор, Монгол улсын нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан иргэдээс бүрдэх ба ихэнх нь зуданд малаа алдсан, хуучин малчид байдаг учир хот суурин газарт шилжин ирээд, ажлын байргүй орлого багатай амьдарч байна. Эдгээр шилжин ирэгсэд хотын захыг бараадан олон нийтийн үйлчилгээ, дэд бүтэц хөгжөөгүй гэр хорооллуудын захад суурьшин амьдардаг. Дээрх нөхцөл байдлууд нь тухайн иргэдийг бусад аюулуудaд мөн адил өртөх эрсдэлд хүргэдэг ба газар хөдлөлт, үер, усны аюул, орчны бохирдлоос үүдэлтэй халдварт болон халдварт бус өвчлөл нэмэгдэхэд хүргэдэг. 

Тэгвэл эдгээр үүсэн гарах эрсдэлүүдийг бууруулахын тулд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг иргэдийн даван туулах чадварыг нэмэгдүүлсэн төсөл, судалгаануудаас товч дурьдая.

Хойд Кени улсын Исиоло мужийн Борана сууринд үхрийн аж ахуйг тэмээний аж ахуйгаар сольсон жишээ

 
Photo Credit: PHOTOGRAPH BY TON KOENE

Маасай эмэгтэй ба үхэр

Маасай эрчүүд малаа маллах, хариулах үүрэгтэй байдаг бол эмэгтэйчүүд үхрээ сааж, гэр орон, хүүхэд асрах үүрэгтэй.

Маасайчууд бол Кени улсын хойд, төв хэсэгт болон Танзани улсын хойд хэсэгт амьдардаг нилот үндэстэн юм.

Кени улсын Исиоло мужийн Борана сууринд малчин өрх үхрийн аж ахуй эрхэлдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт хэт халалтаас үүдэж бэлчээрийн ургамлын төрөл зүйл эрс багассан.

 

Кени улсын малчин өрхийн орлого бүрдүүлэх гол эх үүсвэр тэмээний гаралтай бүтээгдэхүүн бaйдаг. Африк тивийн нийт тэмээний 6 хувийг Кени улс бүрдүүлдэг, 1999 онд хийсэн малын тооллогоор тэмээний тоо толгой нь 800,000 байсaн бол 2009 оны тооллогоор 3 сая болж өссөн дүн гарчээ.

 

Хэдий Кени улсад хэт халалт нэмэгдэж, хуурайшилт явагдаж байсан хэдий ч тэмээний тоо толгойг амжилттай өсгөж чадсан. Зарим орон нутгийн ард иргэд өөрсдийн эрхэлж буй мал аж ахуйдаа тэмээг өсгөн үржүүлэх шинэ мал аж ахуй эрхлэлтийг нэвтрүүлсээр байна.

Учир нь тэмээний говь цөл нутагт дасан зохицох биологийн болон физиологийн чадвар бусад малуудтай харьцуулахад маш өндөр юм. Тэд хатуу ширүүн, хуурай нөхцөлд дасан зохицож усгүй олон хоног амьдрах чадвартай тул хуурайшилт, усгүйдлийг тэсвэрлэхдээ бусад малаас илүү байдаг. Түүнчлэн тэмээ нь говь цөлд амьдардаг бусад малтай харьцуулахад 6 дахин их сүү өгдөг нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон сайн туршлагын нэг хэлбэр болж байна. 

(Kagunyu and Wanjohi, 2014).

Этиопийн малчид тусгай хамгаалалттай газраас хадлан тэжээл бэлдэн тээвэрлэсэн сайн туршлага

Нилээд олон жилийн өмнө Афар мужийн Аваш Үндэсний хүрээлэн нь малчдын бэлчээрийн томоохон талбайг тусгай хамгаалалтын бүс нутаг болгон хашсанаар тус талбайд мал сүрэг бэлчээхийг хоригложээ. Mалчид тусгай хамгаалалттай газрын удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзаж, малын бэлчээргүй болсноо удаа дараа учирлан тайлбарласан боловч нааштай хариу авч чаддаггүй байлаа. Улмаар тусгай хамгаалалтын захиргаа болон малчид хоорондоо дараах  ярилцаад шийдэлд хүрч чаджээ. Энэ нь малчид зөвхөн хадлан тэжээл бэлдэх зорилгоор уг талбайг ашиглах бөгөөд зөвхөн нэмэлт тэжээл гарган авах шийдлийн ачаар гантай жилүүдийг даван туулж байлаа. Ингэхдээ oрон нутгийн иргэд хуримтлалын мөнгөөрөө тэрэг түрээслэн, өвс тэжээлээ татахаас гадна бусад бүлгийн гишүүддээ илүүдэл өвс тэжээлийг нийлүүлэх уялдаа холбоотой эерэг өөрчлөлтүүдийг бий болгожээ. Хадлан тэжээл хадаж, бэлдэхийн зэрэгцээ тэжээлийн нөөцийн менежментийн чиглэлээр олон өөрчлөлтүүдийг авчирснаар төр, малчид хоорондын зөрчил буурч зэрлэг ан амьтан болон мал сүргийн хооронд халдварт өвчин тархах аюулыг багасгасан сайн туршлагын нэг болжээ.

(GebreMichael and Kifle, 2009)

Ногоон алт - Малын эрүүл мэндийг сайжруулах төслийн Бэлчээрийн нөөцийн хамтын менежмент

Монгол улсын хэмжээнд нийт 3 сая хүн амын талаас илүү хувь нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс шууд хамааралтай байдаг. Малчин өрхийн хувьд амьжиргаа залгуулах үндсэн арга нь нүүдлийн мал аж ахуй байдаг ба байгалийн сөрөг үр дагавруудыг амжилттай даван туулах нь хамгийн чухал чадварт тооцогддог. 1990-ээд оны эхээр хуурай тал, ойт хээр, Алтайн уулархаг газар нутаг гэсэн бүс нутгуудаар бэлчээрийн хамтын менежментийн аргaчлалыг анх нэвтрүүлж эхэлсэн бөгөөд малчид хамтын бүлэг, нөхөрлөл болон мал аж ахуй эрхлэх менежментэд шилжсэнээр байгалийн нөөцөө үр дүнтэй ашиглах, хамгаалах, амьжиргааны түвшингээ нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдлыг яаж бий болгосныг онцлох нь зүйтэй.

 
Зургийг Д.Энхтүвшин

Ногоон алт - Малын эрүүл мэндийг сайжруулах төслийн нэг хэсэг нь малчдын бүлэг нөхөрлөлүүдийн хүрээнд уулзалт тогтмол зохион байгуулснаар малчид юу хүсч, зорьж буй зүйлээ харилцан ярилцах дадалд суралцан хамтын нэгдмэл үр дүнд хүрч чадсан явдал нь сайн туршлага болсон.

Нөгөөтэйгүүр, бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч үр ашиг нэмэгдүүлэх малчдаа чадавхжуулах бодлогooр дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтын ажиллагааг сайжруулсан нь тус төслийн нэг онцлог юм.

 

Нийтлэлийг бичсэн: Н.Энхзул /Sustainable Mongol подкастын хөтлөгч/