Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Өндөр ээж”-ийн ач хүү

ikon.mn
2021 оны 9 сарын 20
iKon.MN

Илгээлтийн эзэн эмээ минь

 

1970-аад онд Бэрх дээр зөрлөг хүлээж буй галт тэрэгний машинч нарт унд цай дөхүүлэх буянтай буурал байсан гэдэг. Түүнийг машинч нар “Өндөр ээж” гэж хүндэтгэн авгайлна. Одоо тэр үеийн машинч нарын зарим  нь хааяахан эмээгээ даган дэгдэж хүрдэг дүрсгүй шар хүүг ч санах биз. Гурав дахь үеийн төмөр замчин тэрбээр “Замын мэргэжлийн аварга”, Толгойт өртөөний жижүүр Ёндон-Ойдовын Пүрэвбат.

Түүний эмээ Б.Пагамжав 1960-аад онд Архангай аймгаас төмөр замд илгээлтээр ирж, Хойт зөрлөгөөс сумчнаар ажлын гараагаа эхэлсэн байна. Ё.Пүрэвбат эмээгээ Номгон зөрлөгт галч байх үеэс нь мэдэх аж. Ажлынхаа хажуугаар амины хэдэн малаа товхийтэл аваад явчихдаг ажилсаг нэгэн байж. Харин Бэрх зөрлөгт байхдаа  эмээ нь олонд “Өндөр ээж” хэмээн хүндлэгддэг байсан нь жаалхүүгийн сэтгэлд тодхон үлджээ.

Тэрбээр, “Эмээ минь өөрөө ч их нуруулаг хүн байлаа. Тэгээд тэгсэн үү, машинч нар эмээг “Өндөр ээж” л гэнэ. Тэгэхэд эмээ минь гавьяаны амралтдаа гарчихсан байж. Өртөө рүү цай, боорцог, ааруул аваад явахад нь хааяа дагаад гүйчихдэгсэн.

Харин манайх Бэрхээс Ногоонтолгой руу нүүж, тэндээс ахиж нүүгээгүй юм. Түүнээс өмнө их олон нүүсэн санагддаг. Бага байсан болохоор бүгдийг санахгүй байна. Хүүхэд юм болохоор дэгэж дэрвэж явтал нэг л өдөр манайх гэнэтхэн л нүүх болдогсон. Тэр үед төмөр замчин хүн хаашаа томилогдоно, ар гэр нь дагаад л нүүдэг байв. Аав минь хойд чиглэлийн ихэнх өртөө, зөрлөгт ажилласан байх.

Зөрлөгийнхөн гэдэг ах дүүс шиг ижилдсэн сайхан хүмүүс. Нэг айл нүүх болоход бүгдээрээ элбэлцээд л ачааллаад өгнө. Шинэ газарт очиход тал талаасаа цуглаад л зөөлцөөд сууцанд нь оруулчихна.

Ах дүүсээ үдэж, угтаж байгаа юм шиг л дотно сайхан хандана. Хол нүүх бол төмөр замаас вагон гаргаж өгнө. Ойр бол Замын хэсгийн Зил-130 машинаар нүүдэг байв. Аав ээж хоёр минь нүүхдээ байшингаа цэмцийтэл нь цэвэрлээд бараг засвар хийхээс наахнуур юм болно. Дараагийн айлд амар гэж тэр. Бидний очсон газар бүрт л бас цэвэр цэмцгэр сууц хүлээж байдагсан. Манайхыг нүүхэд эмээ минь бас л дагаад, хэдэн малаа аваад л нүүнэ. Харин Ногоонтолгойд ирсэн хойноо эмээ минь нас дээр гарсан тул машинч нарт унд цай дөхүүлж чадахаа больсон байсан даа. Одоо бодоход эмээ минь дотроо чадал хүрдэгсэн бол зуны халуунд зөрлөг хүлээж байгаа хүүхдүүдэд зэлгээн цай ч болохнээ дөхүүлж өгөхсөн гэж их бодсон байх даа. Урдуур, хойгуур гарсан бүхнийг ундалж цайлдаг хүн байлаа. Ногоонтолгойд ирээд хоёр жилийн дараа 88 наслаад тэнгэрт хальсан даа. Ах дүү наймаасаа би  эмээ дээрээ өссөн болохоор бусдаасаа илүү эрх хүүхэд байсан” гэв.

Төмөр замд 44 жил зүтгэсэн аав минь

Миний аав Р.Ёндон-Ойдов эмээг дагаж сумчнаас төмөр замчин болох гараагаа эхэлсэн гэдэг. Аавыг их багад нь өвөө өөд болсон гэнэ лээ.

Бага байхад аав байсхийгээд л шинэ томилолт хүлээж авна. Аавыг дагаад манайх гэдэг айл нүүнэ. Аав томилолтын жижүүрээр ажилладаг байхдаа гэртээ бараг байхгүй. Аранзаа үүрээд гарсан аав минь ирэхгүй их уддагсан. Бодоход сар бол өлхөн болдог байсан байх. Томилолтын жижүүр хүн ойр ойрхон гэр рүүгээ гүйгээд байвал ажил “хийдэнэ” гэдэгсэн. Ер нь, хүмүүсийн ярьдгаар “коммунист” хүн шүү дээ. Тэр үед холбоо харилцаа одоогийнх шиг байсангүй. Хааяа л төмөр замын холбоогоор ярьж, сайн яваагаа дуулгана. Төмөр замын холбоо гэдэг чинь хэн юу ярина төмөр зам даяараа түүнийг сонсож байдаг эд шүү дээ /инээв/.

Ээжийг минь Б.Алагаа гэдэг. Замын нэг, хоёрдугаар ангиудад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан замчин хүн байсан даа. Би зуны амралтаараа ээждээ тусалж, замын хажуугийн зэрлэг зулгаана. Зуны засварын үеэр заримдаа дэр мод солилцоно. Ер нь, замчдын хүүхдүүд бүгд л тэгж өсдөг дөө. Тэр л жишгээр өссөн.

Аав минь төмөр замд 44 жил ажиллаад 2000 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Хааяа “Цэдэнбал дарга Монголын төрийг 44 жил удирдсан, би Монголын төмөр замд 44 жил ажиллалаа” гээд суудагсан. Буйдхан зөрлөгийн жижүүрээр 44 жил ажиллана гэдэг ховор тохиол байх аа.

Дунд сургууль төгсөөд би цэргийн албанд мордсон. Халагдаад ирэхэд аав минь “Миний хүү л төмөр замчин болно доо. Бусад нь ч чадахгүй байх” гэж хэлсэн. Би ч аавынхаа үгнээс зөрсөнгүй. Тэгээд нэг өдөр аав намайг Толгойт өртөө рүү дагуулаад явлаа. Тухайн үеийн Толгойт өртөөний дарга н.Магсаржав гуай над руу нэг сүрхий хараад “Чи өртөөний жижүүр болж чадах уу?” гэхэд нь “Чадна, надад жаахан дөр бий. Би төмөр замчин болох хүсэлтэй” гэж хэлсэн. Багадаа аавыг жижүүрт гарахад нь ажил дээр нь их орно. Заримдаа хамт хононо. Магадгүй тэр үеэс аав намайг ажиж, төмөр замчин болох сонирхолтой юм гэж бодсон байж мэднэ. Хааяа “Алив зөвшөөрөл өгөөдөх” гэж ганц нэг кноп даруулна. Магадгүй найман хүүхдээсээ намайг л төмөр замчин болгоё гэж эртнээс бодож явсан байх. Тэгээд л би өөрийгөө дөртэй гэж дөвийлгөхгүй юу /инээв/.

Ах дүүсээсээ удам залгасан нь ганц би

“1992 оны есдүгээр сарын дундуур Ногоонтолгой зөрлөгийн дагалдан жижүүр боллоо. Аав ч “Чи намайг дагавал эрхлээд юм сурахгүй ээ” гэж билээ. Тэгээд зөрлөгийнхөө дарга М.Дуламсүрэн эгчийн шавь боллоо. Ажил, онол хоёрыг хослуулж, мундаг сургадаг хүн байлаа. Ээлжгүй үед шугам замд дагуулаад явна. Зөрлөгийн даргын нөхөр холбооны механикч н.Чулуунбаатар ах. Надад холбооны талынх нь бүх зүйлийг зааж зөвлөнө. Ажилгүй үед шугамд явахдаа намайг дагуулж яваад шувууны үүр хүртэл авхуулна.  Тэр хоёр хүнээс их зүйлийг сурсан даа. Сар дагалдан жижүүр хийгээд жинхэлсэн.

Ногоонтолгой зөрлөгийн жижүүрээр таван жил, Эмээлт өртөөнд гурван жил ажиллаад Толгойт өртөөнд шилжиж ирсэн. Эхлээд Сонгино Сонсголонгийн жижүүр болсон юм. Тэнд зундаа л ачилттай, бусад үед нь Толгойт өртөөний аль хэрэгцээтэй ажлын байранд шилжиж ажилладаг онцлогтой.  Бүх талаар мэргэших боломж тэнд байсан шүү” хэмээв.

Тэрбээр, ТЗДС-д эчнээгээр суралцаж, 2013 онд ашиглалтын техникч мэргэжлээр төгсжээ. Тэр үеэс Толгойт өртөөний үндсэн жижүүрээр ажиллаж эхэлсэн байна.

Энэ тухайгаа “Өртөөний жижүүр гэдэг ээлжиндээ баг хамт олноо удирдаж, тээврийн үйл ажиллагааг саадгүй зохион байгуулна гэдэг хариуцлагатай ажил. Би бодохдоо бидний ажлын амжилтын нэг хэсэг нь баг хамт олны хүч, нөгөө талд нь найдвартай ар гэр байдаг гэж боддог” гэлээ.

Ё.Пүрэвбат шинэхэн жижүүр байхдаа галт тэргэнд нэгэн хөөрхөн охин олж харсан нь нэгэн насны хань С.Чимэддулам байж. Ёстой “заяаны хань зам дээр” гэдэг л тэр биз. Зуны амралтаа галт тэрэгний үйлчлэгч ээжийгээ дагаж явсан тэр охинтой зориглон танилцаж амжсан нь ёстой зол заяа байжээ. Түүнээс хойш өглөө ээлжнээс буугаад л хот орох галт тэргээр гараад давхичихна. Найз охинтойгоо өдөржин хотоор зугаалж, кино үзнэ. Хайр сэтгэл залуу насны жигүүр юм хойно нэг л мэдэхэд хоёр жил болзоонд галт тэрэг хөлөглөн давхисан байжээ. Ингээд 1995 онд Эмээлт өртөөнд Ё.Пүрэвбатынх гэдэг айл гал голомтоо асааж, хоёр жилийн дараа ууган охиноо өлгийдөж авав. Залуусыг 2000 онд хотод шилжиж ирэхэд хадам ээж Ж.Сарантуяа охиндоо өөрийн ажил мэргэжлийг өвлүүлэх бодолтой байгаагаа хэлжээ. Ингээд оёдолчин мэргэжилтэй бүсгүй ээжийнхээ хүслийг гүйцээж, ногоон вагоны “гал манах” болсноор 20 гаруй жилийг ардаа үдсэн байна.

Ё.Пүрэвбатынх охин хүү хоёртой. Охин нь “Скайтел” компанид зөвлөхөөр ажилладаг бол хүү нь энэ жил ЕБС төгсөөд өөрийн хүсэлтээр ТЗДС-д элсжээ. Тэрбээр, “Хүү минь дөрөв дэх үеийн төмөр замчин болох нь” гэж сэтгэл ихэд хангалуун өгүүлнэ билээ.

Орос ах нараас их зүйл сурсан шүү

2009 онд УБТЗ нийгэмлэгийн 60 жилийн ойгоор Шатангаас Давааны зөрлөг хоорондын 108 км замд их засвар хийхэд Оросын төмөр замынхан ирж, 54 км уулзваргүй зам тавихад цонхны ажилд Толгойт өртөөнөөс Л.Пүрэвбат, Б.Надмидбаатар нарыг томилжээ.

Ё.Пүрэвбат “Эхэндээ Оросуудтай шууд харилцаж ажиллана гэхэд дотроо эмээж л байлаа. Харин тухайн үед бид хоёрыг Толгойт өртөөний Ч.Ядамсүрэн дарга дуудаад “Энэ ажлыг та хоёроос өөр хүн хийж чадахгүй. Хариуцлагатай ажил шүү” гэж билээ. 

Ч.Ядамсүрэн дарга биднийг зүгээр дуудаад үүрэг өгөөд гаргасангүй. Түүний энэ үг биднийг зоригжуулж, итгэл хүлээлгэж, урам өгч билээ. Үнэхээр хүнээр ажил хийлгэж чаддаг, үг, үйлдэл болгон нь жинтэй мундаг хүн шүү дээ.

Их засварын “цонх” нарийн цаг хугацаатай, хариуцлага өндөртэй. Тэр тусмаа оросуудтай хамтарсан цонхон дээр бид хоёр алдаа гаргавал “УБТЗ,  Монголын төмөр замчдын нэр” гарна шүү дээ. Тиймээс хоёулаа алдаа гаргахгүй юм шүү гэж их хичээж байлаа.

Анхны “цонх” эхлэх өдөр үе, бетон дэр нь хоцорч ирээд цагтаа эхлэхгүй шинжтэй боллоо. Б.Надмидбаатар бид хоёр цонхны галт тэргийг маш хурдан найруулж, анхны цонх ч цагтаа эхэллээ. Хэрэв хоцорсон бол асуудал манай талд биш Оросын талд гарах байсан л даа. Гэхдээ бид хоёр “цонх”-ыг цагт нь эхлүүлэхийн тулд бүх л боломжоо дайчилсан. Тэр үед Оросын ПДМС-ийн дарга нь ирж гар бариад “Баярлалаа” гэсэн шүү. Тэгэхэд сэтгэл их өег сайхан санагдаж билээ.

Бид өдөр нь найруулагчаар ажиллаж, цонхны галт тэрэгнүүдээ бэлтгэж гаргаад, орой нь жижүүрээр ажиллана. Ачаалал ихтэй  гурван сарыг ардаа үдэхдээ оросуудаас их зүйлийг сурч мэдэж, ажиглаж билээ.

Оросууд маш нямбай. Бүх ажилбарыг технологиор гүйцэтгэнэ. Монголчууд бидэнд юмыг яавал хурдан түргэн хийх вэ гэдэг адгуу зан байх шиг санагддаг. Харин тэд маш тайван, бүх ажлыг төлөвлөгөөний дагуу, технологиор хийдэг тул адгах, яарах шаардлага ч гардаггүй юм билээ. Биднийг яарч сандарсан үед “Юундаа яарах вэ? Технологи бол технологи шүү дээ” гэдэгсэн.

Уулзваргүй зам тавигдсаны дараа Ногоонтолгой зөрлөгт жижүүрээр гарахад орох дохиогоор орж ирсэн галт тэрэг зүгээр л шунгинаад өнгөрөхөд нь чихэндээ итгэдэггүй. Өнөөх бидний чихэнд хоногшсон  “так... так... так...” гэдэг дуу гардаггүй юм билээ. Уулзваргүй зам гэдэг чинь ийм сайхан юм байдаг юм уу. Улсынхаа хойд хилээс урд хил хүртэл ийм замтай болчихвол мөн ч сайхандаа гэж бодож зогссон доо” хэмээв.

Гучаад жилийн өмнөх дагалдан жижүүр Ё.Пүрэвбат өдгөө олон залууст үлгэрлэх “хал жижүүр” болсон. Өнөөдөр л гэхэд Толгойт өртөөний зургаан жижүүрийн хоёр нь түүний гарын шавь. Тэр “Шавь нар алдаа эндэгдэлгүй, ээлжээ удирдаад явж байвал сэтгэл өег сайхан байдаг. Одоо М.Гантулга, Г.Мягмарсүрэн хоёр маань хамт ажиллаж байна” гэв.

Ийнхүү бидний яриа өндөрлөхөд тэр нэгийг санав бололтой “Миний аав 1988 онд сонинд “Ногоонтолгой өгөөжтэй сайхан нутаг” гэж ярилцлага өгч байсан юм. Миний хувьд ч Ногоонтолгойд хүүхэд ахуй үеийн хамгийн дурсгалтай, бас ажил амьдралд залгасан сайхан нутаг. Тэнд л “Хурд” хамтлагийнхантай чинь тоглож өслөө. Зөрлөгийн хүүхдүүд зун гол дээр өнжинө. Намар болохоор хадлан тэжээл, түлээ түлш гээд хамаг ажлаа хамжилцаад хийцгээчихнэ. Хааяа орос цэргийн цуваа тосож, цэргүүдээс тэмдэг гуйна. Бага нас минь их жаргалтай өнгөрсөн шүү. “Хурд”-ынхан маань одоо ч холбоотой. Саяхан Отгоо (Д.Отгонбаяр) маань “Ногоонтолгойд хийсэн “Бүсгүй” дууны клипийг харав уу” гээд залгаж байна лээ” гээд инээмсэглэв.

Тэрбээр, 2019 онд албаны аварга, 2020 оны Замын мэргэжлийн аварга болсон юм.

Сониучирхаад, Хүний нөөцийн албанаас УБТЗ-ын хэмжээнд хэчнээн өртөө зөрлөгийн жижүүр байдгийг лавлавал “УБТЗ-ын тээврийн үйл ажиллагааг бүх шатанд удирдан зохион байгуулдаг жижүүр 450 гаруй бий” гэлээ. Тийм олон мэргэжил нэгтнүүдээс товойж тодорч гарна гэдэг ямархан шалгуур, шүүлтүүрээр ордгийг надаар хэлүүлэлтгүй ойлгох биз ээ.

 

Сэтгүүлч Б.Гүнжинлхам

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.