Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ хил дээр нь ирсэн 10,000 дүрвэгчийг онгоцоор буцаана

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Техас мужийн Дел Рио хотыг Мексикийн Сьюдад Акуна хоттой холбодог гүүрний дор 10,000 гаруй дүрвэгч цугларчээ.

Тэд Латин Америкийн орнуудаас АНУ-ыг зорьж ирсэн хүмүүс юм. Дүрвэгчдийг байрлуулах, хоол хүнсээр хангах хүнд асуудал орон нутгийн эрх баригчдад тулгараад байна.

АНУ-ын засаг захиргаа өнөөдөр буюу Ням гарагаас эхлэн дүрвэгчдийг эх оронд нь буцаах нислэгүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ дүрвэгчдээ улс орнууд хүлээн авахыг зөвшөөрөх эсэхээс бүх зүйл шалтгаалахаар болоод байна.

АНУ-ын хил, гаалийн хамгаалалтын алба өнгөрсөн долоо хоногт 400 орчим ажилтныг Дел Рио хотод нэмж илгээжээ.

35,000 орчим оршин суугчтай тус хотын дарга Бруно Лозано дүрвэгчдийн нүүдлийг “урьд өмнө үзэгдээгүй явдал” гэж нэрлээд хотдоо онц байдал зарласан байна.

Дүрвэгчдийн ихэнх хэсэг нь Хайти улсын иргэд бол бас Куба, Перу, Венесуэль, Никарагуагийн иргэд байгаа гэнэ.

2010 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Хайти улсаас маш олон хүн Латин Америкийн орнууд руу дүрвэсэн юм. Тэдний зарим хэсэг өнөөдөр АНУ-Мексикийн хил дээр ирээд байгаа ажээ.

Энэ он гарсаар Мексикээр дамжин ирэх дүрвэгчдийн тоо үлэмж нэмэгдсэн нь ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа цагаачлалын бодлогоо зөөлрүүлж магадгүй гэсэн хүлээлттэй холбоотой. Зөвхөн долдугаар сард АНУ-Мексикийн хил дээр баривчлагдсан дүрвэгчдийн тоо сүүлийн 21 жилийн хугацаанд анх удаа 200,000 давсан юм.

 

Эх сурвалж: BBC