Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Талибанчууд Афганистаны дунд сургуулиудаас эмэгтэй сурагчдыг хасав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Афганистан даяар дунд сургуулиудын хичээл эхэлжээ. Хичээл эхлэхтэй холбогдуулан Талибаны засгийн газраас гаргасан мэдэгдэлд сургуульдаа зөвхөн эрэгтэй сурагчид, эрэгтэй багш нар ирэхийг зөвшөөрсөн байна.

Гэхдээ багш, сурагчдыг хэрхэн хүйсээр нь ялган тусгаарлах журам тодорхой болсны дараа охидын сургуулийг нээхээ Талибаны хэвлэлийн алба мэдэгджээ.

Талибанчуудыг засгийн эрхэнд гарахаас өмнө Афганистаны дунд сургуулиудад 13-18 насны охид, хөвгүүд суралцдаг байсан юм. Энэ үед хөдөө орон нутгийн ихэнх сургуулиуд сурагчдыг хүйсээр нь тусгаарладаг байжээ.

Талибанчууд энэ удаа Афганистанд дэглэмээ дахин тогтоохдоо охид бүсгүйчүүдийн боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хамгаалахаа амлаж байгаа.

Гэвч Афганий ихэнх эмэгтэйчүүд өнөөдөр аюулгүй байдлаа бодоод ажилдаа явж чадахгүй байна. Саяхан их дээд сургуулиудын хичээл эхлэхэд оюутнуудыг хүйсээр нь ялган анги танхимд суулгах болсон юм.

Сурагчид, эцэг эхчүүд 1996-2001 онд тогтож байсан Талибаны бурангуй дэглэм дахин сэргэхээс болгоомжилж байгаагаа илэрхийлцгээж байна.

“Ирээдүй маш их бүрхэг байна. Өглөө бүр сэрэхдээ би амьд байгаа эсэхээ өөрөөсөө асуудаг. Гэрээсээ гаралгүй байж, хэн нэгэн хаалга тогшоод гэрлэх санал тавихыг л хүлээх юм гэж үү? Эмэгтэй хүн болж төрсний цорын ганц зорилго энэ юм уу?” гэж нэгэн сурагч охин хэвлэлд ярьжээ.

Түүний аав “Миний ээж бичиг үсэггүй хүн байсан. Аав маань ээжийг байнга дээрэлхэж, тэнэгээр нь дууддаг байв. Би охиноо ээж шигээ болгомооргүй байна” гэж ярьсан байна.

Баасан гарагт Талибаны засгийн газар эмэгтэйчүүдийн хэрэг эрхлэх яамаа татан буулгаж, оронд нь шашны суртал ном дэлгэрүүлэх зорилготой яам байгуулсан нь Афганистаны ирээдүйг улам бүрхэг болгожээ.

Талибаны өмнөх дэглэмийг халсан 2001 оноос хойш Афганистаны эмэгтэйчүүдийн боловсролын түвшинд томоохон ахиц гарсан юм. Бага сургуульд суралцдаг охидын тоо энэ хугацаанд тэгээс 2.5 саяд хүрч өссөн байна.

Бичиг үсэгт тайлагдсан эмэгтэйчүүдийн эзлэх хэмжээ арван жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, 30 хувьд хүрчээ. “Энэ бол Афган охид эмэгтэйчүүдийн боловсролд гарсан томоохон ухралт. Бүх хүнд 90-ээд оны Талибаны дэглэмийг санагдуулж байна. Тухайн үед бичиг үсэг, боловсролгүй эмэгтэйчүүдийн нэг бүтэн үе бий болсон юм” гэж Афганистаны өмнөх засгийн газрын боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч асан ярьж байна.

 

Эх сурвалж: BBC