Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Blackpink хамтлагийн Лиза анхны соло уран бүтээлээрээ Тайландын эдийн засгийг сэргээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хамгийн алдартай охидын хамтлаг Blackpink-ийн цорын ганц солонгос биш гишүүн нь Тайландад мэндэлсэн Лиза буюу Лализа Манобан юм.

Тэрбээр саяхан анхны соло уран бүтээлээ гаргасан нь Тайландын нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нийтэд цацсан LALISA дууны видео клипт Тайландын соёл, төрсөн нутгийнх нь зураглал багтсан байна. Видео клипийг YouTube сүлжээнд нийтэлснээс нь хойш 24 цагийн дотор 73 сая удаа үзжээ.

Энэ нь соло уран бүтээлчдийн өмнөх дээд амжилт болох Америкийн поп од Тэйлор Свифтийн амжилтыг эвдсэн тохиолдол юм.

Өнөөдрийн байдлаар уг видео клипийн үзэлтийн тоо 160 саяыг давжээ. Улмаар соло бүтээлийнх нь цомгийн захиалга дөрвөн өдрийн дотор 700,000-ыг давсан байна.

Тайландын ерөнхий сайд Прают Чан Оча улс үндэстнийх нь соёлыг дэлхийд таниулж, сурталчилсан 24 настай Лизад баяр хүргэжээ.

Клипэнд Лизагийн өмссөн тай үндэсний торгон хувцасны эрэлт огцом нэмэгдэж, зургаа авхуулсан газрууд нь жуулчдаар дүүрсэн байна.

Есдүгээр сарын 11-ний өдөр уран бүтээлээ танилцуулахдаа Лиза Тайландын алдартай телевизийн шоунд ярилцлага өгсөн юм. Энэ үеэр тэр төрсөн нутгийнх нь уламжлалт хоол болох бөөрөнхий махан шорлогийг санаж байгаагаа ярьсан байна. Гэтэл энэ ярилцлагын дараа Лизагийн төрсөн нутаг Бурирамын жижиг худалдаачид бөөрөнхий махны захиалгад дарагдаж, үнэ нь 100 дахин өсчээ.

Тухайн нутгийн хүнсний худалдаачид цар тахлын улмаас бөөрөнхий махны эрэлт муудаж, өдөрт нэг наймаачин 100 батын ($3) орлого олдог болоод байсан бол Лизагийн ярилцлагын дараа 10,000 бат болж нэмэгдсэн тухай мэдээлсэн байна.

Бөөрөнхий махны захиалга Тайландын өнцөг булан бүрээс ирэх болсныг тэд ярьжээ.

Тайландын нийслэл Бангкок хотын нэгэн гэрэл зургийн студи Лизагийн клипэнд үзүүлдэг шиг нүүр будалт, үндэсний хувцастай зураг авхуулах 1,990 батын багц үйлчилгээ гаргасан нь маш их эрэлттэй болж, өдөрт авах захиалгынхаа тоог хязгаарлахад хүрсэн байна.

Лиза бас өөрийн төрсөн нутаг Бурирамын нэгэн сургуульд 160 метр.кв талбай бүхий соёлын төв байгуулахаар төлөвлөж, Солонгосын Олон Улсын Соёлын Сан, өөрийн харьяалагддаг YG Entertainment компаниас хөрөнгө оруулалт татахаар ярилцаж байгаагаа шоуны үеэр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters