Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагон Кабулд дроноос цохилт өгөхдөө террористуудыг биш, энгийн хүмүүсийн амийг хөнөөснөө хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Афганистанаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дуусахад хэдхэн өдөр дутуу байхад АНУ-ын арми Кабул хотын гудамжинд автомашинаар зорчиж явсан Исламын Улс бүлэглэлийн гишүүдийг дроны цохилтоор устгасан тухай мэдэгдэж байв. Тэднийг Кабулын олон улсын нисэх буудалд халдлага үйлдэхээр тэсрэх бодис тээвэрлэж явсан гэж мэдээлж байсан юм.

Тэгвэл өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Пентагон энэхүү цохилтын үеэр ганц ч террористийг устгаж чадаагүй, харин энгийн номхон 10 иргэн, түүний дотор долоон хүүхдийн амийг хөнөөснөө хүлээн зөвшөөрчээ.

“Уг цохилт нь харамсалтай алдаа байлаа” гэж АНУ-ын тэнгисийн хүчний генерал Фрэнк Маккензи хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Наймдугаар сарын 29-нд зохион байгуулсан дроны цохилтын үеэр энгийн иргэдийн амь үрэгдсэн ч террористуудыг устгаж чадсанаа Пентагон өмнө нь мэдэгдэж байжээ.

Харин сүүлд хэвлэлүүд уг халдлагад зөвхөн энгийн номхон иргэдийн амь үрэгдсэн байж болзошгүй баримтуудыг дэлгэж эхэлсэн юм.

“Цохилтын үеэр энгийн номхон 10 иргэн, тэдгээрийн дотор долоо хүртэл тооны хүүхэд алагдсаныг би хүлээн зөвшөөрч байна. Цохилтод өртсөн автомашинд ямар ч ISIS-K бүлэглэлийн гишүүн байгаагүй, АНУ-ын зэвсэгт хүчинд ямар нэг аюул занал учруулаагүй байжээ” гэж генерал Маккензи хэлжээ. ISIS-K нь Исламын Улс террорист бүлэглэлийн Афганистан дахь салбарын нэр юм.

Генерал Маккензи алдаа гаргасандаа уучлал гуйгаад хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох талаар АНУ-ын засаг захиргаа судалж байгааг мэдэгджээ.

Гэрчүүдийн мэдээлснээр хохирогчид нь 37 настай Земераи Ахмадигийн гэр бүлийнхэн байсан гэнэ. Тэрбээр АНУ-ын зэвсэгт хүчинд тусалж байсан хүн бөгөөд Талибаны мөрдлөгө хавчлагаас зугтахын тулд эх орноосоо дүрвэхээр бэлдэж байжээ. Тухайн өдөр Ахмади гэртээ ганцаараа машинаар ирээд буусан байна. Энэ үеэр түүний 11 настай хүү машиныг хашаандаа оруулахаар жолооны ард суужээ. Бусад хүүхдүүд бас аавынхаа машиныг харахаар гэрээсээ гарч ирцгээгээд байсан гэнэ.

Яг энэ үед АНУ-ын армийн дроноос Hellfire пуужин харваж, Ахмадигийн автомашиныг устгажээ. Цохилтын улмаас Ахмадигийн долоон хүүхэд, нэг насанд хүрсэн хүү, зээ дүү нар амиа алдсан байна.

Уг цохилт нь 2001 онд АНУ-ын эхлүүлсэн Афганистаны дайны хамгийн сүүлчийн цохилт байжээ.

 

Эх сурвалж: Associated Press