Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлтийн шатрын домогт мастер эмэгтэй Netflix компанийг шүүхэд өгч, $5 саяыг нэхэмжиллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Дэлхийн анхны эмэгтэй их мастер Нона Гаприндашвили

Дэлхийн анхны эмэгтэй их мастерт тооцогддог Нона Гаприндашвили “The Queen’s Gambit” цуврал бүтээлд нэр төрийг нь гутаасан хэргээр АНУ-ын Netflix компанийг шүүхэд өгчээ.

Тэрбээр нэр төрөө $5 саяар үнэлж, Netflix компаниас нэхэмжилсэн байна. Одоо 80 настай Гаприндашвили нь Зөвлөлтийн шатрын спортод гайхамшигтай амжилт гаргаж байсан бөгөөд одоо төрөлх Гүрж улсдаа амьдардаг.

2020 оны аравдугаар сард дэлгэцэнд гарсан Netflix-ийн “The Queen’s Gambit” цувралд түүнийг дурдахдаа эрчүүдтэй ганц ч удаа тоглож үзээгүй их мастер болсон мэтээр үзүүлдэг гэнэ.

Харин дэлхийн таван удаагийн аварга Гаприндашвили үүнийг үгүйсгэж, өөрийгөө эрчүүд давамгайлдаг спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн гэж үзэж байгаа юм. Тэрбээр Лос Анжелес хотын холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Netflix компанийг олон сая үзэгчийн өмнө нэр төрийг нь гутаасан гэж буруутгажээ.

Мөн эмэгтэйчүүд эрчүүдийг шатраар ялах боломжгүй гэсэн хүйсээр ялгаварлах үзэл сурталчилсан гэж Netflix-ийг буруутгасан байна.

Netflix-ийн цувралын сүүлийн хэсгүүдэд үзүүлсэн цаг үе болох 1968 онд Гаприндашвили хамгийн цөөндөө 59 эрэгтэй шатарчны эсрэг тоглож, ялаад байжээ.

 
`The Queen`s Gambit` цувралын хэсэг

“The Queen’s Gambit” цувралыг 1983 онд Уолтер Тэвисийн бичсэн романаас сэдэвлэж бүтээсэн байна. Уг бүтээлд Бет Хармон (жүжигчин Аня Тэйлор Жой) хэмээх өнчин охин Хүйтэн дайны үед дэлхийн хамгийн шилдэг шатарчин болж буй түүхийг үзүүлдэг юм.

Энэхүү бүтээл Алтан Бөмбөрцөг наадмаас хоёр шагнал хүртэж, энэ амралтын өдрүүдэд болох 73 дахь удаагийн  Primetime Emmy Awards шагналын ёслолын 18 төрөлд нэр дэвшжээ.

Netflix компани уг бүтээлийг хийхдээ Оросын дэлхийн аварга асан Гари Каспаров, АНУ-ын үндэсний мастер Брюс Пандолфини нарыг зөвлөхөөр ажиллуулж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters