Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилд онцлон хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудал байв.
Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч өнөөдөр сертификатаа гардан авлаа.
Мэргэшүүлэх сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн сургалт, 14 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн хийж турших дадлага ажил гэсэн 3 чиглэлээр зохион байгуулагджээ.
Мэргэшсэн сэтгэл зүйчид Даваа гарагаас хүүхдүүдтэйгээ ажиллаж эхэлнэ. Тэд сертификат авахаас гадна иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүн, жишиг өрөө тасалгааг хүлээн авч байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулах, сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшүүлэн сургах асуудлыг Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл, “Бадамлин” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэг, яамны харьяа байгууллагууд, мөн их дээд сургууль, мэргэжлийн төрийн бус байгууллагууд, сэтгэл судлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудын сэтгэл судлаачидтай хамтран зохион байгуулжээ.