Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мөнхтуяа: Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлаар гадаад болон дотоодын арилжааны бүх нислэгийг үйлдэнэ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЗТХЯ-наас 2021 онд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж байна. Энэ үеэр Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газар 39 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хоёр талт хэлэлцээр, Европын хамтын нийгэмлэгтэй “Агаарын харилцааны тодорхой асуудлын тухай” хэлэлцээр байгуулсны дагуу эдгээр орны 100 гаруй хот болон манай улсын зургаан хот хооронд нислэг гүйцэтгэх, зургаан улстай агаарын тээврийн 5 дугаар эрх, 17 улстай аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг бүрдүүлжээ. 

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яам болон Байгаль орчин аялал жуулчлалын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ, Монголын аялал жуулчлалын холбоо, хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээврийн компаниуд, үндэсний аялал жуулчлалын компаниудын төлөөлөл оролцсон “Агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл”-ийг байгуулсан байна.

Ч.Мөнхтуяа дарга "Иргэний нисэхийн үндэсний төв Олон улсын нисэх буудлуудын зөвлөлд гишүүнээр элссэн. Иргэний нисэхийн үндэсний төв өөрийн харьяа 19 нисэхийн буудлын хамт Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн бүрэлдэхүүнд гишүүнээр элсэж улмаар Ази, Номхон далайн бүсэд харьяалагдан үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй боллоо.

Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс “Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл”/Airport Health Accreditation programme/ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлээд байгаа. 

Тус нисэх буудал нь жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга, 24 агаарын хөлөг зогсох перрон талбай, 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга, 8,000 тонн багтаамж бүхий шатахууны агуулах, жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминалтай. 

Түүнчлэн олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга, бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд, хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэсэн. Ийнхүү шинэ нисэх буудал ашиглалтад орсноор хуучин нисэх буудал буюу “Буянт-Ухаа” нисэх буудлыг ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх болон сургалтын зориулалтаар ашиглаж, Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжуулан гадаад болон дотоодын арилжааны бүх нислэгийг үйлдэнэ" хэмээн ярилаа.