Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Том брэндийн кофе жижиг шопуудынхаас амтны хувьд ялгаагүйг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Том брэндийн салбар болон жижиг хувийн шопын кофенуудыг харьцуулж судлаад амтны хувьд төдийлөн ялгаагүй болохыг Өмнөд Солонгосын эрдэмтэд тогтоожээ.

Тус улсын Өмнөд Гёнсан мужийн Гёнсаны Үндэсний Их сургуулийн хүнс судлалын салбарын судлаачид нийт 10 төрлийн хар кофены дээжийг "электрон хэл", "электрон хамар" зэрэг орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж хэрэгслийн тусламжтай бүх талаас нь шинжилсэн байна.

Үүнд чихрийн болон давсны хэмжээ, үнэр зэрэг олон төрлийн үзүүлэлтүүдээр нь харьцуулжээ.

“Том брэндийн франчайз шопуудын кофены амт бусад жижиг шопуудынхаас төдийлөн ялгаагүй болохыг бид судалж тогтоолоо. Хэрэглэгчид брэнд кофег сонгохдоо амт үнэрт нь биш, брэндийн нэр хүндэд нь татагдаж байна” гэж судалгааг ахалсан профессор Шин Юй Чол ярьсан байна.

Хүмүүсийн нүдийг боож байгаад төрөл бүрийн кофенуудыг амтлуулсан туршилтыг өмнө нь дэлхийн хэд хэдэн оронд зохион байгуулахад бас ижил үр дүн гарч байжээ.

2019 онд Солонгосын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас явуулсан судалгаагаар кофенд дурлагчдын 49 хувь нь байрлалаас шалтгаалан, 24.7 хувь нь амтнаас шалтгаалж, 8.2 хувь нь дотоод тохижилт, уур амьсгалаас шалтгаалж кофе шопыг сонгодог хэмээн хариулж байжээ.

Аяга кофены үнийг дунджаар 3,055 вон ($2.61) байхад тохиромжтой гэж судалгаанд оролцогчид үзсэн байна.

Өмнөд Солонгос улс 2018 оны байдлаар дэлхийн зургаа дахь том кофе импортлогч байжээ. Тус улсын насанд хүрсэн иргэн бүр дунджаар жилд 353 аяга кофе хэрэглэдэг гэсэн тоо баримт бий.

 

Эх сурвалж: Korea Times