Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явцыг ДЭМБ түр зогсоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явц түр зогсоод байгаа тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) албаны хүн Лхагва гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын Америк тивийн салбар болох Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэд захирал Харбас Барбоса видео хэвлэлийн хурлын үеэр Спутник вакцины ОХУ дахь нэг үйлдвэрээс хэд хэдэн зөрчил илэрсэн тул засаж залруулах зөвлөмж өгөөд хүлээж байгааг хэлсэн байна.

“Үйлдвэр бидний өгсөн зөвлөмжийн дагуу шаардлагатай өөрчлөлтүүдийг хийсний дараа шалгалтыг дахин шинээр явуулна. ДЭМБ одоо тус үйлдвэрээс хариу хүлээж байна” гэж Барбоса ярьжээ.

Энэ оны зургаадугаар сард ДЭМБ-аас гаргасан тайланд Уфа хотын Фармастандарт компанийн үйлдвэрээс хэд хэдэн алдаа дутагдал илрүүлсэн тухай мэдээлж байв.

ОХУ нь энэ оны хоёрдугаар сард Спутник V вакциныг шуурхай горимд хэрэглэх зөвшөөрлийн хүсэлтийг ДЭМБ, Европын Эмийн Агентлаг хоёрт зэрэг гаргаж байжээ.

Тухайн үед Их Британийн анагаах ухааны The Lancet сэтгүүлд Спутник V вакцин коронавирусийн халдвараас 91.6 хувийн үр дүнтэй хамгаалдаг тухай судалгааны дүгнэлт нийтлэгдэж байсан юм.

Хэдийгээр ДЭМБ уг вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа ч дэлхийн хэд хэдэн улс орон хүн амынхаа дархлаажуулалтад ашиглаж байна.

Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэд захирал Харбас Барбосагийн хэвлэлийн хурлын үеэр өгсөн хариултыг дараах видео бичлэгээс сонсох боломжтой.

 

Эх сурвалж: Moscow Times