Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахим орчинд тархсан хуйхалсан хонины сүүлтэй холбоотой мэдээлэл бодитой эсэхийг нягталсны дараа шалгалт явуулна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
 
Фэйсбүүк хуудсаас авав.

Олон нийтийн сүлжээн дэх хуйхалсан хонины сүүлтэй холбоотой мэдээлэл иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.

Тодруулбал, хуйхалсан хонины сүүл худалдаална хэмээн зарлал түгээсэн иргэн бээлий өмсөн зумлагч бодистой усанд хийж, сүүлний үсийг унагаадаг тухайгаа бичжээ.

/Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой/

Энэ нь тухайн иргэн химийн бодисод хордохоос сэргийлж бээлий өмссөн мөртлөө химийн бодисоор хордуулсан сүүл бусдад худалдаалдаг гэх хардлага төрүүлж байгаа юм.

Тэгвэл одоогийн байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор гомдол мэдээлэл очоогүй тул шалгаж эхлээгүй байгаа тухай эх сурвалж хэллээ.

Учир нь тус газраас төлөвлөгөөт бус хяналтыг иргэний гомдлын дагуу хийдэг бөгөөд иргэдийн зүгээс ирүүлсэн аливаа ААН-ийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдлыг утсаар болон бичгээр хүлээн авдаг аж.

Дээрх асуудалд шалгалт хийх эсэхийг МХЕГ-аас тодруулахад “Энэ асуудал нь Мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор гомдол мэдээлэл ирээгүй гээд шалгахгүй өнгөрөх зүйл биш.

Юун түрүүнд, тухайн мэдээлэл нь хуурамч аккаунтаас зориуд түгээгдсэн үү эсвэл үнэхээр бодитой юу гэдгийг тодорхойлох ёстой.

Өөрөөр хэлбэл, цахим орчинд тархсан уг мэдээлэл үнэхээр бодит эсэхийг нягталсны үндсэн дээр шалгалтын ажиллагааг явуулна” гэсэн тайлбар өглөө.