Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах шийдвэр гарлаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/4691366987581691

Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах, урт хугацаат репо санхүүжилтын хэмжээг 2021 оны дөрөвдүгээр улиралд 100 хүртэлх төгрөг тэрбэм төгрөгөөр тогтоох шийдвэр гарсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцоллоо. 

Мөн тэрбээр 

Монгол Улсын хүн амын 65 хувь КОВИД-19-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа ч цар тахлын тархалт дахин нэмэгдэж, тодорхой бус байдал төдийлөн буурахгүй байна. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргэлтийг дэмжихэд чиглэж байна.

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны есдүгээр сарын ээлжит хурлын шийдвэр, уг шийдвэрийг гаргахад гол үндэслэл болж буй эдийн засгийн дотоод, гадаад орчин, цаашдын төлөв, хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаар Монголбанкны байр суурийг Та бүхэнтэй хуваалцъя.

Инфляцыг богино хугацаанд нийлүүлэлтийн хүчин зүйлс голлон тайлбарлаж байна. Цаашид эрэлтийн нөлөөгөөр инфляц алгуур сэргэх хэдий ч Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байгааг онцлон дурдъя.

Инфляц энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьд хүрч нэмэгдээд байна.

Үнийн өсөлтөд нэг талаас эдийн засгийн сэргэлт нөлөөлж байгаа хэдий ч дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, нэг удаагийн буюу нийлүүлэлтийн шинжтэй болон гадаад хүчин зүйлс тайлбарлаж байна.

Жишээ дурдаж хэлэхэд хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцын 45 хувийг бүрдүүлж байна. Ийнхүү, богино хугацаанд инфляц суурь үеийн болон гадаад, дотоод нэг удаагийн шинжтэй нөлөөгөөр нэмэгдээд байгаа хэдий ч 2022 оны сүүлийн хагасаас инфляц Төв банкны зорилтын орчимд тогтворжихоор байна. Гэвч богино хугацаанд дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн сааталтай холбоотойгоор гадаад инфляц болон дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ хүлээлтээс давж өсөх, дотоод зах зээл дээр нийлүүлэлтийн шалтгаанаар үнэ огцом өсөх тохиолдолд, хүлээлтээс давсан инфляцыг үүсгэж болзошгүй байна.

Эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөх төсөөллөөс бууруулсан ч үүний тодорхой хэсэг нь ДНБ-ий аргачлал, тооцоолол шинэчлэгдсэнтэй холбоотой байна. Хилийн хязгаарлалт, вирусийн шинэ хувилбарууд тархаж байгаатай холбоотой эдийн засгийн идэвхжил саарч, өсөлт хоёрдугаар улиралд муудсан боловч эдийн засаг 2021 оны эцэст цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч сэргэх хүлээлт хэвээр байна.  Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг гол салбаруудаар авч үзвэл уул уурхайн салбар 2 дугаар улиралд саарсан хандлага оны сүүлийн хагаст үргэлжилж, үлдсэн хугацаанд нийт өсөлтөд дэмжлэг үзүүлэхээргүй байна.

Харин уул уурхайн бус салбарын хувьд оны сүүлийн хагаст Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ, гадаад орчны сэргэлттэй уялдан эрчимжих хүлээлттэй байна. Улмаар уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн сөрөг зөрүү хаагдах хугацаа нэг улирлаар наашилж, 2021 оны эцэст хаагдах хүлээлттэй байгаа

Ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн бус салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлнэ.

Цар тахалтай нүүр тулсан 2020-2021 онд Монголбанкнаас мөнгөний бодлого, макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар хэрэгжүүлж байгаа билээ. Бодлого, зохицуулалтын арга хэмжээний нөлөөгөөр санхүүгийн нөхцөл зөөлөрч, эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх ₮10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилттэй холбоотойгоор зээл олголт сэргэж 2021 оны долдугаар сарын байдлаар банкны системийн зээлийн үлдэгдэл жилийн 12.3 хувиар өслөө.

Түүнчлэн, шинээр олгосон зээлийн дундаж хүү энэ оны долдугаар сарын байдлаар 12.8 хувь болж, нэгдүгээр сарын түвшнээс 2.4 нэгж хувиар буурсан байна.

Бодлогын өнөөгийн төлөв нь инфляцын зорилттой нийцтэй байгаа бөгөөд Төв банк эдийн засгийн  сэргэлтийг удаашруулахгүйгээр дунд хугацааны инфляцын зорилтоо биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлнэ" хэмээв.