Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Спортыг улс төрөөс салгах хэрэгтэй болжээ

Д.Оюунтуяа, Өдрийн сонин
2021 оны 9 сарын 14
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Монголын нийгэмд боксчин залуугийн зодуулсан бичлэг шуугиан тарьж байна.

Энэ зодоон дээр амтай болгон дуугарч, хоёр тал болоод үзэж тарж байна аа. Өнөө ковид, нас баралт, эдийн засгийн уналт, түгжрэл энэ тэр бол бүр цаашаа.

Хамгийн эмзэг, хамгийн их олны анхаарлыг татсан хэрэг боксчдын зодоон болж хувирлаа. Энэ юунаас эхтэй вэ гэж бодож үзсэн хүн байна уу.

Энэ бол спортын холбоодыг улстөрчид, сайд дарга нарт удирдуулсны гор нь гарч байгаа хэрэг юм. Мөр мөрөөрөө явах ёстой спорт, улс төр хоёр манайд хүзүү сээрээрээ холилдоод удаж байна. Спортын холбоодыг чиглэл чиглэлийнх нь төрийн бус байгууллага удирдаад явах ёстой байтал манай улстөрчид холилдож, өмчилж шахуу авч давхиж байдгийн гор өнөөдрийн зодооноор гарч байгаа юм.

Манайхан хувь хүнээс шалтгаалж байдаг багийн бус спортыг төрөөс хэт өөгшүүлж тойглож байдаг. Жамаараа яваа улсад бол спорт спортоороо, төр нь өөрийнхөө ажлыг хийгээд явдаг. Ингэж л тогтсон, тэгж л ажилладаг. Манайхан энэ жаягийг дагах ёстой.

Гэтэл шүдгүй нохой булуу хураана гэгмээр өөрийнхөө салбарын ажлыг дийлэхгүй байгаа сайдууд спортын нэг холбоог даагаад авчихдаг. Ерөнхийлөгч энэ тэр гээд сэтрийг нь зүүчихээд даналзаад явна. Үр дүн нь өнөөдрийн зодоон тойрсон дуулиан шуугиан юм.

Ер нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг багийн бус спортууд тухайн тамирчиндаа хүмүүжлийн асар их доголдол авчирдаг. Тэдний үзүүлсэн амжилт, алдар гавьяа нь зөвхөн хувь өөрт нь ирдэг. Тэр их ачаалал, нэр нөлөө, мөнгө төгрөгний ая данг нэг хүн дааж явна гэдэг боломжгүй. Хүссэн хүсээгүй "би баатар" болж, ард түмэн, төр засаг өөрт нь өртэй юм шиг санагдаж эхэлнэ.

Тэгээд УИХ-ын гишүүн, бүр болилоо гэхэд овоо том даргын албан тушаалд сууж аваад сэтгэл нь тайвширдаг бололтой юм билээ. Ийм жишээ захаас аваад элбэг.

Олимпын аварга жүдочийг магнай дээрээ залсны үр дүн юугаар төгсөв. Монголын Олимпын хорооны ерөнхийлөгч болж өргөмжлөгдсөн тэрбээр найзыгаа алчих шахам зодож, өөрөө шоронгийн хаалга татах дээрээ тулаад сууж байна. Араас нь одоо бас нэг тахин шүтэгдсэн олимпын аварга боксчны нэр яригдаад эхэллээ.

Энэ мэт өөрийгөө эзэн, хаан заан мэт дөвийлгөж боддог тамирчин маш олон. Ил л гардаггүй болохоос биш залуу тамирчдаа зодох, дээрэлхэх нь юу ч биш гэж ярьдаг.

Шигшээ багт үзүүлсэн амжилтаараа биш, эрх ашгийн нэгдэл, танил талаараа ордог гээд яриад байвал жирийн бус зүйл их. Нэг зүйл нэмэхэд, амжилт гаргасан тамирчинд төрөөс сард олон сая төгрөгийн цалин олгодог болсноос хойш тамирчид эрсдэлтэй зүйл хийхээ больсон гэдэг. Үүнийг ялчихвал cap бүр их мөнгө авна гэж бодохоос хөдлөхөөс ч эмээдэг. Юун эрсдэлтэй мэх, олон хувилбар угсруулан хийх, өнөө мөнгө бодогдож зогссоор байгаад ялагддаг болсон гэж спорт сонирхогчид ярих болсон. Энэ бол багийн бус спортын тухайд юм. Нэг хүний спортын нийгэмд үзүүлэх нөлөө ч бага.

Харин багийн спортын тухайд арай өөр зүйл яригддаг. Яагаад спортод ингэж их ач холбогдол өгөөд, төр хүртэл оролцоод байдаг нь саяхны юм биш л дээ.

Социализмын үед спортоор дамжуулан улсынхаа нэрийг тив дэлхийд гаргах нь туйлын зөв боломж байв. Интернэт, сүлжээ, харилцаа холбооны хөгжил таг харанхуй байсан тэр үед спортоор дамжуулж улсынхаа нэрийг гаргахгүй бол жижигхэн улсыг хэнбугай ч мэддэггүй байсан үе. Тэр үеэс хойш орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдөж, дэлхий хавтгай болчихсон.

Нэг товч дараад Монголын тухай бүхий л мэдээллийг авчих болсон энэ цагт уул уурхай, аялал жуулчлал зэрэг эдийн засагтаа нэмэр болохуйц салбартаа ач холбогдол өгч, хөрөнгө оруулалт татах ажил хийх нь хамгийн оновчтой хувилбар юм. Нэг хүний спортыг тахин шүтдэг цаг хэдийнэ өнгөрсөн.

Манай поп коммунистууд л энэ үзэл, арга барилаас салахгүй зуураад байгаа болохоос дэлхийн чиг хандлага өөр өөрийнхөө зам мөрөөр хөгжиж явна.

Нийгмийг шуугиулаад байгаа өнөөдрийн үйл явдал боксчдын зодоон юм шиг харагдавч жинхэнэдээ бол улстөрчдийн хэрүүл, бие биенээ чадах гэсэн явуулга үргэлжилж байна.

Боксын холбооны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн. Түүнд дургүй хэсэг бүлэг хүмүүс энэ зодооныг дэвэргэн, "Ард түмэн хүүгээ өмөөрнө" гээд хүч оруулан чангалж байна.

Мэдээж, сайдыг өмөөрөгсөд нөгөө талд нь цовхчиж байгаа. Учир мэдэхгүй нэгэнд нэг зодооны тухай, хөөрхий муу хүүг ухаан баларттал нь нүдэж байгаа зэвүүцэм үйл явдлын эргэн тойронд хэрүүл өрнөж байгаа санагдана.

Үнэндээ үүнтэй зэрэгцээд улс төрийн өрсөлдөөн, бие биенээ намнах ажиллагаа л ингэж өндөр аваад байгаа билээ. "Түмний нэг" хэмээх Монголын уран сайхны кинонд морины дуудлага худалдааны хэсэг байдаг даа. Эхнэртээ морь авах гэсэн хоёр эр үнийг нь бие биеэсээ өрсөн өсгөөд байдаг. Түүнийг харсан нэгэн "Ямар ид шидтэй морь болохоороо ингэж үнэд хүрдэг байна аа" хэмээн гайхшрахад хажуугийн өвгөн "Мориндоо ч биш байх аа, хүүхээ" гэж учрыг нь тайлдаг.

Түүн шиг энэ их дуулиан бол яг зодоондоо ч биш юм аа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эхлүүлсэн найр ийм зодооноор төгсөхөөр ингэж шуугилгүй яах вэ, зүйн хэрэг.

Энгийн нэг төрийн бус байгууллагын удирдлагууд зодолдсон бол хэн ч тоохгүй, сонирхох ч үгүй. Шүүх цагдаагаараа асуудлаа шийдээд л болоо. Цаашид дарга нар далчиганаж спортын холбоодын ерөнхийлөгч энэ тэр гэсэн сэтэр зүүдгээ болих хэрэгтэй. Спорт спортоороо, улс төр нь өөрийнхөө зам мөрөөр явахгүй бол ийм хэрүүл зодоон үргэлжилсээр байх болно.

Зураг