Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын теннисний шинэ од Эмма Радукану эмэгтэй тамирчдаас анхны тэрбумтан болж магадгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт US Open тэмцээний аваргаар Их Британийн 18 настай тамирчин Эмма Радукану тодорч, $2.5 саяын шагнал хүртсэн билээ.

Тэрбээр 2004 онд 17 настайдаа Уимблдонд түрүүлсэн Мария Шараповагаас хойш их дуулгын тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу аварга болоод байна.

Залуу аваргын тухай мэдээ дэлхийн хэвлэлүүдийн эхний нүүрийг эзэлж, томоохон компаниуд сурталчилгааны гэрээ байгуулахаар дугаарлаж эхэлжээ.

Радукануг “маркетеруудын мөрөөдөл” гэж Оксфордын Их сургуулийн Саид Бизнесийн сургуулийн судлаач Стеварт Аллен нэрлэсэн байна.

Түүнийг спортын замналынхаа туршид тэрбум долларын орлого олсон анхны эмэгтэй тамирчин болох боломжтой гэж олон мэргэжилтнүүд дүгнэжээ.

Радукануд Их Британийн хатан хаан Элизабет, Кэмбрижийн гүн, гүнгийн ахайтан, ерөнхий сайд Борис Жонсон зэрэг эрхмүүд баяр хүргэсэн байна. Радуканугийн ээж хятад, аав румын хүн байдаг. Тэр Канадад төрж, сүүлд Британийн иргэн болсон юм.

Тиймээс түүнийг Хятадын аварга том зах зээлээс их орлого олох боломжтой гэж үзэж байна. Радукану ялалтынхаа дараа мандарин хэлээр Хятадын хөгжөөн дэмжигчиддээ мэндчилгээ дэвшүүлсэн нь олон сая хүний анхаарлыг татжээ.

“Хэрвээ Эмма ирэх жил Уимблдонд түрүүлж, ойрын 5-10 жилд аваргын титмээ хадгалбал дэлхийн анхны тэрбумтан эмэгтэй тамирчин болох боломжтой” гэж InterTalent Group-ийн ерөнхийлөгч Жонатан Шалит ярьж байна.

Энэ жил газрын теннисний эрэгтэй од Рожер Федерер тэрбумын хөрөнгөтэй зургаа дахь тамирчин болсныг Форбс сэтгүүл зарласан юм. Түүний өмнө сагсан бөмбөгийн од Майкл Жордан, гольфын од Тайгер Вүүд зэрэг тамирчид тэрбумтны эгнээнд ороод байжээ.

Одоогоор Японы газрын теннисчин Наоми Осака бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчинд тооцогддог.

 

Эх сурвалж: CNN