Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн бөхтэй олимпын тэмцээнд барилдахаас татгалзсан Алжирийн жүдоч 10 жил дэвжээнд гарах эрхгүй боллоо

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Алжирийн жүдоч Фетхи Нурин Токио 2020 зуны олимпын наадамд Израйлийн бөхтэй хоёрдугаар шатанд оноолт таарах нь тодорхой болсон тул барилдахаас татгалзаж, тэмцээнийг орхисон билээ.

Нурин болон түүний дасгалжуулагч Амар Бенихлеф нар Палестинчуудыг дэмжиж байгаагаа ийм аргаар илэрхийлжээ. Түүнтэй барилдах бөх нь Израйлийн тамирчин Тохар Бутбул байсан юм.

Алжирийн үндэсний олимпын хороо Нурин, Бенихлеф нарыг тэмцээний эхний өдөр  нутаг буцааж байжээ. Олон Улсын Жүдогийн Холбоо тэдний барилдахаас татгалзсан шалтгааныг мөрдөн шалгасны эцэст 10 жил тэмцээнд оролцох эрхийг нь хасах шийдвэрийг Даваа гарагт гаргасан байна.

Ингэснээр Африк тивийн гурван удаагийн аварга, 30 настай Нурины спортын замнал үндсэндээ өндөрлөж байгаа юм. “Алжирийн хоёр жүдока Олимпын наадмын дэвжээг улс төрийн эсэргүүцэл, шашны суртал нэвтрүүлгийн зорилгоор ашиглаж, холбооны ёс зүйн дүрэм, олимпын зарчмыг ноцтой зөрчсөн нь тодорхой боллоо” гэж Олон Улсын Жүдогийн Холбооноос (IJF) гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Нурины дасгалжуулагч 39 настай Бенихлеф нь 2008 оны Бээжингийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.

Израйлийн жүдоч Бутбул эрэгтэйчүүдийн 73 кг жингийн эхний хоёр тойрогтоо гоц мөргөсөн ч шигшээ барилдаанд ялагдан хасагдаж байв. Гэхдээ тэр холимог багийн тэмцээнээс хүрэл медальтай Токиогоос буцсан юм.

Алжирийн Нуринээс гадна Суданы Мохамед Абдалрасул түүнтэй барилдахаас татгалзаж байжээ. Абдалрасул гэмтэлтэй гэсэн шалтгаанаар тэмцээнээс хасагдсан ч Нуринтэй ижил шалтгаанаар барилдахаас татгалзсан нь тодорхой байгаа.

Исламын шашинтай орнуудын тамирчид улс төр, шашны үзэл бодлын улмаас Израйлийн тамирчинтай өрсөлдөхөөс татгалзах явдал түгээмэл гардаг. Энэ оны дөрөвдүгээр сард тамирчнаа Израйлийн бөхтэй барилдахыг хориглосон Ираны жүдогийн холбоог Олон Улсын Жүдогийн Холбоо дөрвөн жилийн хоригоор шийтгэсэн юм.

2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд Израйлийн бөх Саги Мукитэй барилдуулахгүйн тулд Ираны тал өөрийн бөх Сайед Моллайг хагас шигшээд ялагдуулж байсан нь ийм шийтгэл амсахад хүргэсэн юм.

Моллай сүүлд Монгол улсын иргэн болж, Токио 2020 наадмаас мөнгөн медаль зүүсэн билээ.

 

Эх сурвалж: Associated Press