Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа, айж ичилгүйгээр энэ, энэ хэвлэл төрийн албан ёсных гэдгийг зарлана уу"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан "Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч 2021” зөвлөлдөх уулзалтад ажил олгогчдын төлөөлөл санал бодлоо илэрхийллээ. 

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар "Зэсийн баяжмал ачсан машин урд хилээр ямар ч саадгүй гарч байгаа. Гэтэл нүүрс ачсан машинууд гарч чадахгүй зогсож байгаа. Энэ ямар учиртай юм бэ. Бид яагаад үүний учрыг олж чадахгүй байгаа юм бэ. Энэ асуудлыг урд хөрштэйгээ өндөр түвшинд ярих шаардлагатай байна. Өндөр түвшинд ярьж байж, үүрэг даалгавар өгүүлэхгүй бол хилийн цаахна байгаа нэг даргын аманд ороод, дээрэлхүүлж байж таарахгүй.

Манай талаас Гадаад харилцааны сайд очиж уулзсан, Шадар сайд Засгийн газар хоорондын комиссын хурал хийсэн. Ердөө хөдлөхгүй байна. Тиймээс одоо дээд түвшинд асуудлаа тавья.

Хоёрдугаарт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлье гэсэн Ерөнхий сайдыг дэмжиж байна. Үүний тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээх шаардлагатай. Аж ахуйн нэгжийн бүх зээл, хүүгийн төлөлтийг банкны сектор мэдэж байгаа. Тиймээс арилжааны банкууд, мэргэжлийн холбоотой хамтраад орон нутагт байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийн хүчин чадалд дүгнэлт өгье. Алийг нь дэмжиж болохоор байна. Тэрэнд нь хөрөнгө санхүүжилтийг нь өгөөд эдийн засгаа сэргээе.

Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй байна. Мах экспортолно гэхээр хятад руу махаа гаргалаа гээд шүүмжилдэг. Ингээд байхаар махыг маань хэн авах юм бэ. Махаа экспортлох ёстой гэдгээ ард түмэндээ, хэвлэл мэдээллийнхэндээ ойлгуулъя.

Одоо төсөв хэлэлцэх гэж байна. Эдийн засгаа сэргээхийн тулд 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалтыг бүгдийг нь үндэсний үйлдвэрлэлээр хийлгэе. Замын тендерийг үндэсний компаниудад өгье. Сурах бичгийн хэвлэлтийг үндэсний үйлдвэрүүдэд өгье.

Эцэст хэлэхэд, ямар хэвлэл, аль сошиал хаяг Монгол Улсын төрийн байр суурийг илэрхийлж байгааг тодорхой болгомоор байна. Тэгэхгүй бол шар хэвлэлээр цацагдаж байгаа мэдээллийг манай хөрш орнууд төрийн бодлого гэж ойлгоод тэр нь бидэнтэй харилцах харилцаан дээр сөргөөр нөлөөлж байна. Тэгэхээр одоо Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа, айж ичилгүйгээр энэ, энэ хэвлэл төрийн албан ёсных гэдгийг зарлана уу" гэв.