Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Боксын холбооны УЗ-ийн шийдвэрийг сэтгүүлч өөрөө тайлбарлаад, өөрийнхөөрөө байр сууриа илэрхийлээд байвал холбоо гэж байх шаардлагагүй"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын холбогдсон асуудалтай холбоотойгоор Монголын боксын холбооны XV дахь ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “ “Улаан бал” нэвтрүүлгийн шторкоор боксын холбооны хурлыг би зохион байгуулаад, орой нь хоол идүүлж, архи уулгаад, зодоон хийлгүүлсэн гэх утгатай ташаа мэдээлэл буюу эвлүүлэг хийж явуулсан байсан. Тийм үйл явдал болоогүй. Тэр орой хоол идсэн 130 хүнээс асууж болно. Нэвтрүүлгээ олон хүнд хүргэхийн тулд эвлүүлэг хийж, сэвсэн зүйл харагдаж байна гэж ойлгосон.

Боксын холбооны Удирдах зөвлөл 19 гишүүнтэй. Би удирдах зөвлөлд ороод найм хонож байна. Боксын холбооны Удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатартай холбоотой сануулга, анхааруулах асуудал удаа дараа яригдаж байсан байна юм билээ. Ойролцоогоор 3-5 удаагийн зөрчил байсан.

Үүнтэй холбоотойгоор бусад баг тамирчдад буруу үлгэр дуурайл үзүүлж байна гээд Удирдах зөвлөлөөс асуудлаа оруулж ирсэн. Би хурлыг даргалж, удирдаж, хамтын шийдвэр гаргасан. Татвар төлөгчдийн мөнгөөр шигшээ баг цалинжиж, гадаадын тэмцээн уралдаанд явдаг тул сахилга баттай байх ёстой гэдэг дээр удирдах зөвлөлийн бусад гишүүнтэй санал нэгдсэн.

Би Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр зөв гэдэгт бат итгэлтэй байна. Лодойсамбуу сэтгүүлчийн хэлж байгаачлан Боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг өөрөө тайлбарлаад, өөрийнхөөрөө байр сууриа илэрхийлээд байвал холбоо гэж байх шаардлагагүй. Өөрөө хүсэж байвал боксын холбооны ерөнхийлөгч болъё гэх хүсэлтээ манай удирдах зөвлөлд тавих ёстой” гэв.