Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн, Монгол-Канадын Парламентын бүлгийн дарга Г.Дамдинням Канад улсад ажиллалаа

ikon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын Парламентын бүлгийн дарга Г.Дамдиннямын өнгөрөгч долоо хоногт Канад улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө.

Айлчлалын эхэнд тэрбээр Канад Улсын Парламентын гишүүн, Канад-Монголын Найрамдлын бүлгийн дарга хатагтай Ясмин Ратанситай Оттава хотод уулзав.  Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэн хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, түүний дотор хоёр бүлгийн хамтын ажиллагаа, улс төрийн харилцан итгэлцэл, дэмжлэг чухал үүрэгтэйг цохон тэмдэглээд хатагтай Ратанси Ясминд энэхүү үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгааг үнэлж талархлын захидал гардуулав.

Түүнчлэн Канадын Экспортыг хөгжүүлэх агентлагийн удирдлагуудтай уулзаж гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа цар тахлын дараа эдийн засгийг сэргээхэд чиглэсэн бодлогын талаар танилцуулж, хөдөө аж ахуй, шинэ технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.

 

Дараа нь Канадын худалдааны танхимын Ерөнхийлөгч Перрин Бийтти, Дэд ерөнхийлөгч Марк Агнью нартай уулзахдаа хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай худалдааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, Хойд Америкийн бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх боломжийг эрэлхийлэх, компанийн засаглал, санхүүгийн үйлчилгээ, төрийн худалдан авалтын талаар Канадын туршлагыг судлах санал тавьж ярилцлаа. Канадын худалдааны танхим нь Холбооны Засгийн газрын эдийн засгийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг чухал инститиц юм.

Айлчлалын явцад Г.Дамдинням Торонтогийн хөрөнгийн биржийн Уул уурхайн салбар хариуцсан захирал Дийн Макферсонтой цахимаар уулзаж Монголын хөрөнгийн бирж, Торонтогийн хөрөнгийн бирж хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэх, “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” арга хэмжээг хамтран зохион байгуулах, Монголын уул уурхайн төслүүдийг Торонтогийн хөрөнгийн биржид гаргахад дэмжлэг авах, энэ талаар сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, Монголын хөрөнгийн бирж Торонтогийн биржид давхар бүртгүүлэх процесс, нөхцөл, шаардлагыг хөнгөвчлөх талаар ярилцав.

Мөн Уул уурхайн олборлогчдын холбооны Ерөнхийлөгч Алекс Кристофер, Гүйцэтгэх захирал Лиза МакДоналдс нартай уулзаж  2022 онд зохион байгуулагдах Уул уурхайн хайгуул, олзворлогчдын 90 дэх удаагийн олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт (ПДАК)-д Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай, бизнесийн хууль эрх зүйн орчинд гарч буй эерэг өөрчлөлтүүдийг сурталчлах, Монгол Улс энэхүү чуулга уулзалтад 24 жил дараалан оролцож, уул уурхайн салбарын хөгжилдөө ахиц дэвшил гаргаж, ач холбогдол өгч байгааг онцлох,  цаашид чуулга уулзалтын боломжуудыг илүү үр дүнтэй ашиглаж, хамтран ажиллах талаар ярилцлаа.

Айлчлалын сүүлийн өдөр  Саскачеван мужийн удирдлагуудтай уулзсан. Тодруулбал, тус мужийн Парламентын гишүүн, Дээд боловсролын сайд Гэн Маковскитой уулзаж, Монголын багш, оюутнуудыг англи хэлний сургалтад хамруулах, боловсролын салбарт хамтран ажиллах ерөнхий баримт бичиг байгуулж их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих, Саскачеван мужид суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, 2+2 хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, орон нутгийн залууст орчин үеийн хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжил эзэмшүүлэх талаар ярилцлаа.

 

Саскачеваны Парламентын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд Дэвид Мариттай уулзахдаа газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус мужийн эрчимжсэн мал аж ахуй, мал эмнэлэг, тариалалтын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх, Canadian Western Agribition, Canada’s Farm Show олон улсын үзэсгэлэнд манай тариаланч, фермерүүдийг оролцуулах, Саскачеваны их сургуулийн дэргэдэх Мал, тэжээлийн судалгааны олон улсын төвтэй харилцаа холбоо тогтоох, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдийг харилцан солилцох талаар ярилцлаа. Саскачеван нь хөдөө аж ахуйн салбарыг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлж, 2020 онд 16.9 тэрбум долларын үр тариа, мах экспортолсон байна.

Саскачеван муж цаг уур, газар нутгийн хувьд манай улстай ижил төстэй. Ялангуяа уул уурхай, газар тариалан, ХАА-н гол муж гэдэг утгаараа Дархан-Уул аймагтай харилцаа холбоо тогтоож, түншлэн ажиллах боломжийг нээлээ.  

Ийнхүү УИХ-ын гишүүн, Монгол- Канадын Парламентын бүлгийн дарга Г.Дамдиннямын Канад улсад хийсэн анхны ажлын айлчлал нь хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгсөн, хоёр улсын хоорондын  боловсрол, ХАА-н чиглэлийн хамтын ажиллагааг идэвхижүүлж, Дархан-Уул аймгийг Саскачеван  мужтай холбох эхний алхам нээгдсэн зэрэг тодорхой үр дүнтэй, амжилттай болж өнгөрлөө.

Уг айлчлал нь Монгол Улс, Канад Улсын Засгийн газар хоорондын дугуй ширээний 9 дэх удаагийн уулзалтын хүрээнд Монгол-Канадын харилцааг иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө Замын зураглалын хүрээнд болж байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм.