Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Александр Невскийн хөшөөний нээлтэд ОХУ-ын ерөнхийлөгч оролцжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт ОХУ-ын Псков мужид дундад зууны Оросын ван Александр Невскийн шинэ хөшөөг нээж, нээлтийн ёслолд тус улсын ерөнхийлөгч Владимир Путин оролцжээ.

Энэ онд Невскийн мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаа юм. 50 тонн материал орсон, 20 гаруй метр өндөртэй хөшөөг Псков мужийн Самолва тосгонд босгожээ.

Нээлтийн ёслолд Путинээс гадна түүний зөвлөх, Оросын Цэргийн Түүхийн нийгэмлэгийн захирал Владимир Мединский, Москвагийн их хамба Кирилл, Псков мужийн захирагч Михайл Ведерников зэрэг албаны хүмүүс оролцсон байна.

Александр Невский нь өнөөдрийн Орос улсыг үндэслэсэн хүнээс гадна Үнэн Алдартны шашны хутагтад өргөмжлөгдсөн хүн юм.

 

“Өнөөдөр бид Оросын газар шороог хамгаалагчдын дурсгалын цогцолбрыг нээж байна. Чудское нуурын дэргэдэх энэ газарт Александр Невский өөрийн цэргүүдийн хамт эртний Оросын газар нутаг болох Новгород, Псковыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан юм. Энэ ялалт бол Оросын цэргийн яруу алдар билээ” гэж Путин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолжээ.

Жич: Ташрамд дурдахад Александр Невский нь тухайн үеийн Монголын эзэнт гүрний дэмжлэгтэйгээр Герман, Шведийн рыцариудаас Оросын газар нутаг, шашин шүтлэгийг хамгаалж үлдсэн тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг юм.

Тэрбээр 1248 онд Хархорин хотод биеэр очиж, Владимирын Их Ван цолыг Монголын их хаанаас хүртэж байжээ.

 

Эх сурвалж: ТАСС