Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос шинэ пуужин туршсан тухай мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын дэглэм өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ төрлийн алсын тусгалтай залуурт пуужинг амжилттай туршсан тухай тус улсын төв мэдээллийн агентлаг KCNA өнөөдөр өглөө мэдээлжээ.

Бямба, Ням гарагуудад үргэлжилсэн туршилтыг Пёньяны өндөр албан тушаалтнууд ажигласан бөгөөд туршилтын пуужин 7,580 секундын турш нисэхдээ өндөр нь дэлхийн тойрог замд хүрч, 1,500 км зайтай далайд байрласан байг устгасан байна.

Умард Солонгосын хувьд стратегийн чухал ач холбогдолтой шинэ пуужингийн бүх систем тооцоолсны дагуу маш сайн ажилласныг KCNA магтжээ.

Цөмийн зэвсэг болон баллистик пуужин бүтээх хөтөлбөрүүд хэрэгжүүлснийхээ төлөө Умард Солонгосын дэглэм олон улсын хоригоор шийтгүүлээд байгаа.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ 2019 онд Вьетнамын нийслэл Ханой хотод болсон Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалтаас хойш гацаанд орсон юм.

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден яриа хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа өөрийн элчээр дамжуулан хэд хэдэн удаа илэрхийлсэн ч Пёньяны тал хариу өгөхгүй байгаа.

Өнгөрсөн сард НҮБ-ын атомын агентлаг Умард Солонгос Ёнбон дахь плутоны үйлдвэрлэлээ сэргээсэн байж болзошгүйг мэдээлж байв. Үүнтэй зэрэгцэн Ким Жон Уны дүү, зөвлөх Ким Ёо Жон цэргээ Солонгосын хойгоос гаргахыг АНУ-аас шаардсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос өөрийн хөгжүүлсэн шумбагч хөлөг онгоцноос харвадаг баллистик пуужинг амжилттай туршсан билээ. Умардын тал ийм зэвсэгтэй болсноо өмнө нь зарлаж байв.

Харин мэргэжилтнүүд уг зэвсэгний 2019 онд нийтлэгдсэн гэрэл зургийг шинжлээд үнэндээ шумбагч хөлөг дээрээс биш, усан дээр хөвдөг тавцангаас харвасан байж болзошгүй гэсэн дүгнэлт хийж байжээ.

 

Эх сурвалж: AFP