Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс цар тахлын тэргүүн эгнээнд ажилласан 12,000 гаруй хүнд иргэний харьяалал олгохоор болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Франц улсын засгийн газар цар тахлын тэргүүн эгнээнд ажилласан 12,000 гаруй хүнийг түргэвчилсэн шугамаар иргэнээ болгох шийдвэрийг Пүрэв гарагт гаргажээ.

2020 оны есдүгээр сард тус улсын дотоод хэргийн яам Covid-19 өвчинтэй цаг наргүй тэмцэж буй гадаадын иргэдэд Францын иргэн болох хүсэлтээ гаргах боломжтойг анх дуулгаж байсан юм.

Тус улсын иргэн болох үйл явц таван жил үргэлжилдэг бол энэ удаагийн тусгай хөтөлбөрт хамрагдсан гадаадын иргэд хоёр жил л хүлээх юм байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 16,381 хүн иргэний харьяалал хүссэнээс 12,012-ын хүсэлтийг дэмжсэн тухай Францын цагаачлалын сайд Марлен Шиаппа мэдээлжээ

Хүсэлт нь батлагдсан хүмүүсийн дотор эмч, сувилгагч нар, хамгаалалтын ажилчид, хүүхэд асрагчид, эмнэлгийн хог хаягдал цуглуулагчид зэрэг коронавирусийн цар тахалтай хийх тэмцлийн тэргүүн эгнээнд ажилласан хүмүүс байгаа гэнэ.

“Улс үндэстний уриалгыг хүлээн авч, тэмцлийн тэргүүн эгнээнд ажилласан хүмүүст бид гараа сунгах нь зүй ёсны хэрэг. Францын шинэ иргэдэд би Бүгд Найрамдах Улсынхаа өмнөөс талархал илэрхийлж байна” гэж сайдын мэдэгдэлд өгүүлжээ.

67 сая хүн амтай Франц улсад цар тахал эхэлсэн цагаас хойш 6.9 сая хүн халдвар авч, 115,000 гаруй хүн нас бараад байгаа. Цар тахлын оргил үед өдөрт халдварын 100,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байжээ.

Өнөөдрийн байдлаар Францын хүн амын 62.4 хувь нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна.

 

Эх сурвалж: The Guardian