Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мүүн Жэ Ин: Нөхцөл байдал хэвийн болбол Монгол Улсад айлчилна

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Source: president.go.kr

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин-тэй  дээд түвшний цахим уулзалт хийж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх тухай тунхаглал гаргасан.

Энэ талаар БНСУ-ын Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Пак Кён Ми мэдээлэл өгсөн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хэлэхдээ, “Хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснээр БНСУ, Монгол Улс нь бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангахад илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал хэвийн болбол Монгол Улсад айлчлахаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин илэрхийлжээ.

Хоёр улсын удирдагч нар БНСУ, Монгол Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тухай болон харилцааны бусад асуудлаар санал солилцсон байна.

Монгол Улс нь хоёр хөрш болох БНХАУ болон ОХУ-тай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай юм. Харин БНЭУ, Япон, АНУ-тай “Стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж байна.

 

 

Эх сурвалж: president.go.kr