Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мүүн Жэ Ин сар бүр 14 сая воны тэтгэвэр авах Өмнөд Солонгосын цорын ганц ерөнхийлөгч болно

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын одоогийн ерөнхийлөгч Мүүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сард дуусах юм.

Тэтгэвэртээ гарсны дараа тэр жилийн 166.9 сая вон буюу сар бүр 13.9 сая воны ($11,875) тэтгэвэр авахаар болжээ. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан эрхмүүдээс дөрвөн хүн өнөөдөр амьд сэрүүн байгаа ч тэд бүгд ял шийтгэл авсан, хугацаанаасаа өмнө огцорсон шалтгаанаар тэтгэвэр авах эрхгүй байдаг юм байна. Тэд бол Пак Гын Хэ, Ли Мюн Бак, Ро Дэ Ү, Чун Ду Хван нар юм.

Тиймээс Мүүн Жэ Ин амьд сэрүүн байгаа ерөнхийлөгч асан эрхмүүдээс тэтгэврээ авах цорын ганц хүн болж байгаа ажээ.

Одоо тэр жилийн 250 сая воны цалин авдаг. Энэ нь өмнөх оноос 5 хувиар өссөн хэмжээ юм. Гэхдээ Мүүн Жэ Ин 2019 онд өөрийн цалингийн хэмжээг царцааж, өсгөсөн дүнг нь буцааж төлөх санаачилгыг хувийн зүгээс гаргаж байжээ.

Мүүн Жэ Ин тэтгэвэрт гарсныхаа дараа гэргийн хамт Өмнөд Гёнсан мужийн Янсанд хувийн эдлэн газартаа амьдрахаар зэхэж байгаа гэнэ. Тэтгэврээс нь гадна хувийн бие хамгаалагчдын зардлыг нь Өмнөд Солонгосын засгийн газар төлөх ажээ.

 

Эх сурвалж: Korea Times