Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск өөрийн хүндэлж явдаг Зөвлөлтийн пуужин зохион бүтээгчийн үр удамд хүндэтгэл үзүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Америкийн тэрбумтан, SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн хүндэлж явдаг Зөвлөлтийн пуужин зохион бүтээгчийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэр домогт эрдэмтэн Сергей Королёв агсны ач хүү Андрей Королёв, түүний хүү Павель нарыг Калифорни дахь SpaceX компанийн байранд хүлээн авч уулзсан байна.

Калифорнийн Хауторн дахь SpaceX компанийн байранд Сергей Королёвын нэртэй хурлын танхим хүртэл байдаг ажээ.

Андрей Королёв фэйсбүүк хуудсандаа энэхүү айлчлалын зарим гэрэл зурагнуудаас нийтэлж, “цаг орчим хугацаанд мартагдашгүй, найрсаг яриа өрнүүлсэн” Илонд талархал илэрхийлсэн байна.

Тэр бас SpaceX компанитай танилцсан нь маш өндөр сэтгэгдэл төрүүлснийг бичжээ.

Домогт зохион бүтээгчийн ач хүү Андрей нь Москва хотын нэртэй мэс заслын эмч бөгөөд анагаах ухааны хуралд оролцохоор Калифорнид очсон юм байна.

Ингэхдээ тэр Лондон хотод суудаг хүүгээ дагуулж очсон ажээ.

Андрей Илон Маскийг “хоёр алхмын цаадхыг хардаг агуу инженер, чадварлаг менежэр” гээд Оросын сансар судлалын салбарт ийм хүчтэй өрсөлдөгч бий болсон нь хөгжих үндэс болж байгааг онцолсон байна.

 
Сергей Королёв анхны сансрын нисгэгч Юрий Гагарины хамт

Зөвлөлтийн пуужин зохион бүтээгч Сергей Павлович Королёв нь Сталины үед хэлмэгдэж, дэлхийн хоёрдугаар дайны үед шоронгийн лабораторид нисэх онгоц зохион бүтээх ажилд оролцож байжээ.

Сүүлд Сталиныг нас барсны дараа цагаадаж, Зөвлөлтийн сансар судлалын тэргүүлэх мэргэжилтэн болсон юм. Одоо Москвагаас зүүн хойд зүгт оршдог нэг хотыг Королёвын нэрээр нэрлэсэн байдаг.

Үйл хэргийг нь залгамжилсан Оросын пуужин зохион бүтээх корпораци Энергия нь суут эрдэмтний нэрэмжит байгууллага юм.

 

Эх сурвалж: Russia Today