Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэрээ нуусан эзэдтэй компаниуд мөнгө угаах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд саад болж байна"

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОҮИТБС

Монгол Улсын нэгдсэн орсон Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох хөтөлбөрийн дэлхийн нээлт энэ сарын 8-нд буюу лхагва гарагт цахимаар болсон юм.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга(ОҮИТБС)-ын Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” олон улсын байгууллага, BHP сангийн зохион байгуулсан тус арга хэмжээнд ОҮИТБС-д нэгдсэн орсон улс орнууд уул уурхай, газрын тос болон олборлох салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын эцсийн өмчлөгчийг ил тод болгож буй туршлага, сургамжаа хуваалцсан юм. Мөн ирэх таван жилд энэ чиглэлээр илүү ахицтай ажиллах үүрэг амлалтыг улс орнууд өгсөн билээ. Тус арга хэмжээний талаар болон Монгол Улсад уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийг ил тод болгох ажил ямар түвшинд байгаа талаар Монголын ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонтой ярилцлаа. 

 -“Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн зорилго, ач холбогдол юу вэ? 

-ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал ноён Марк Робинсон энэхүү нээлтийн үйл ажиллагааг хэлсэн үгэндээ “Энэ хөтөлбөр нь буруу удирдлага, авлигад холбогдсон, жинхэнэ нэрээ нуусан эзэдтэй компаниудыг олборлох салбарт үйл ажиллагаа явуулахыг зогсоохыг зорьж байна. Ингэснээр салбарын тогтвортой байдлыг бататгаж, тогтвортой хөгжлийн өргөн хүрээний зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлнэ. Нэрээ нуусан эзэдтэй компаниуд мөнгө угаах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд саад болж байна. Тиймээс энэхүү хөтөлбөр нь нуугдмал этгээдийг ил болгоход чиглэж байна” хэмээн энэ олборлох салбарыг нээлттэй болгох хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг танилцуулсан. 

Энэ хөтөлбөрт нэгдсэн орнуудад ирэх таван жилийн хугацаанд зохион байгуулагчдын зүгээс техникийн туслалцаа үзүүлж, чадавх бэхжүүлж, өргөн хүрээний харилцаа хамтын ажиллагаа өрнүүлэх юм. 

 -Манай улс энэ хөтөлбөрт нэгдсэн үү?

-Манай улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг 2006 оноос хойш хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан хэдий ч хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж чадаагүй л байна. Иймд шинээр тавигдаж буй асуудлын ач холбогдол, зорилгыг хүлээн зөвшөөрч, энэ хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр тодорхой амжилт олох боломжтой юм гэж үзсэний үндсэн дээр Засгийн газар хоорондын “Нээлттэй засаг түншлэл” болон ОҮИТБС-ын хүрээнд тавьсан зорилтууддаа нийцүүлэн энэ оны 8 дугаар сард энэ хөтөлбөрт нэгдлээ.

 -Уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийг ил тод болгоход улс орнууд ихэвчлэн ямар амлалт өгч байна вэ?

-Энэ чиглэлээр хууль батлуулах, эрх зүйн тогтолцоог нь бүрдүүлж, тодорхой болгоход чиглэсэн амлалтууд өгч байгаа нь нийтлэг харагдлаа. Мөн мэдээлэл цуглуулах, боловсруулах, нээлттэй өгөгдлийг ашиглах талаар чадавхтай болоход илүүтэй анхаарч байна.

-Монгол Улсын хувьд ямар амлалт байдаг вэ?

-Манай улсын хувьд “Нээлттэй засгийн түншлэл”, ОҮИТБС-ын хүрээнд Эцсийн өмчлөгчдийг ил тод болгох амлалт, эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хуулийг батлах амлалтыг нэлээд эрт гаргасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тэдгээр өмнө тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болно гэж ойлгож байна.

 -Эцсийн өмчлөгчдийг ил болгоход улс орнуудад тулгарч байгаа нийтлэг бэрхшээл нь юу байна вэ?

-Компаниудын эцсийн эзэмшигчид нь олон давхаргаас бүрддэг тул бие биетэйгээ сүлжилдсэн олон компанийн хэлхээ болж, улмаар “хэн нь хэн бэ” гэдгийг ялгаж, тодорхойлоход ихээхэн бэрхшээлтэй байдаг. Хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн мэдлэг, туршлага их шаарддаг ажил. Тийм учраас юуны өмнө хуулийн хүрээнд ихээхэн чадавхтай болсноор эдгээр бэрхшээлүүдийг шийдвэрлэх суурь дэвсгэр болох юм.

-Монгол Улсын хувьд эцсийн өмчлөгчийг ил тод болгох ажил бусад улстай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

-Эцсийн өмчлөгчийг бүртгэх ажил эхлэлийн түвшинд байна. УБЕГ-аас танилцуулсанаар 2021 оны 8 дугаар сарын эхний байдлаар 110,339 хуулийн этгээд бүртгүүлж, мөн тоотой тэнцэхүйц хэмжээний хуулийн этгээдийг бүртгэх ёстой гэсэн мэдээллийг өгч байгаа. Цаашдаа “Нийтийн мэдээллийн тухай” хуулийн хүрээнд эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод болгохоор Засгийн газар төлөвлөж байгаа нь өмнө нь дурдсан бэрхшээлийг даван туулахад томоохон түлхэц болно гэж харж байна. Харин олборлох салбарын хувьд ОҮИТБС-ын жил бүрийн тайлагналын хүрээнд нэгтгэл тайланд хамрагдаж байгаа олон компани эцсийн өмчлөгчийн мэдээллээ сайн дураар ил тод болгосон. 2019-2020 оны тайлангаар бүгд биш ч гэсэн олон компани Уул уурхай, хүнд үйлдэврийн сайдын тушаалаар батлагдсан маягтын дагуу эцсийн өмчлөгчийн мэдээллээ тайлагнаж байна.  

-Монголын ОҮИТБС-д нэгдсэн компаниудаас энэ жил 600 гаруй компани хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ ирүүлсэн. Энэхүү мэдээлэл нээлттэй байгаа юу?

-Дээр дурдсан маягтын дагуу 2020 онд 690 гаруй компани тайлангаа гаргасан бөгөөд нийтэд ил болоогүй байна. Гэхдээ 2020 оны нэгтгэл тайланд хавсралтаар тэдгээр мэдээллийг оруулж, ил тод болгоно. Ер нь ОҮИТБС-ын хүрээнд тайлан нэгтгэлд оролцож буй компаниуд 2013 оноос эхлэн эцсийн өмчлөгчийн мэдээллээ сайн дураар тайлагнаж, ил тод болгож байна. ОҮИТБС-ын жил бүрийн тайлангууд манай цахим сайт дээр байршиж байгаа тул тэндээс нарийвчилсан мэдээлэл, датануудыг харж болно.  

-Эцсийн өмчлөгчийн мэдээллийг авлигын эсрэг үйл ажиллагаанд ашиглаж буй туршлага хэр түгээмэл байна вэ?

-Холбогдох байгууллагууд өөрийн хүрээнд мэдээж ашиглаж байна. Гол нь тэдгээр гэмт хэрэг цаашид гарахгүй байх тэр нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй болов уу. Тухайлбал, саяхан миний олж уншснаар “Засагчандмань майнз” ХХК-ийн эцсийн өмчлөгчдийн луйврын хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгасныг эрэн сурвалжлах сэтгүүлчид сонинд хэвлэн нийтлүүлсэн нь цаашид авлига, луйвар зэрэг ноцтой гэмт хэргийг таслан зогсооход хэрэгтэй мэдээлэл болж байна.  

 -Олон улсын туршлагаас харахад эцсийн өмчлөгчийг нээлттэй болгох ажилд төрийн манлайлал хэр чухал байна вэ?

-Уул уурхайн бизнесийн цаад эзнийг ил тод мэдээлдэг болох нь чимхлүүр, нарийн ажил байдаг. Тиймээс төрийн байгууллагуудын оролцоо, манлайлал их чухал. Төрийн мэдээллийн сан, архивт энэ талын мэдээлэл бүрдсэн байгаа. Гэвч тэдгээрийг хав дараад, зөвхөн өөрийн албан хэрэгцээнд ашиглаад байх нь хангалтгүй юм. Олон нийтэд ил тод бус, хаалттай байдлын үр дагавар болсон авлига, мөнгө угаах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тэдгээр мэдээллийг олон нийтэд дэлгэж, соён гэгээрүүлэх зэргээр ашиглах цаг нь болсон байна.