Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

АХБ-ны ₮20 тэрбумын санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт түүхэн шинэчлэл хийлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

“Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд Улсын Гуравдугаар төв эмнэлэгийн Эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг дээшлүүлэхэд нэн шаардлагатай орчин үеийн багаж хэрэгслийг өчигдөр хүлээлгэн өглөө.

Дэлхий нийтээр тэмцэж буй цар тахлын эрүүл мэндэд үзүүлж буй эрсдэлийн нэг тархи судасны эмгэг буюу тархины харвалт тулгамдсан асуудал болж байна.

Харин манай улсын хувьд тархины эдийн цус харвалтаар дэлхийд дээгүүр бичигддэг төдийгүй 100,000 хүн амд 292 хүн тархины харвалтаар өвддөг гэсэн статистик тоо мэдээ бий.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг нь 1971 онд байгуулагдсан улсын хэмжээний үйлчилгээтэй мэргэжлийн ууган тасаг бөгөөд тус тасагт жилд дунджаар тархи, мэдрэл, нуруу нугасны 1,500 орчим мэс заслын тусламжийг насны хязгааргүйгээр иргэдэд үзүүлдэг юм.

ЭМЯ, АХБ-ны хамтран хэрэгжүүлж буй төслийн үр дүнд Монгол Улсын Мэдрэлийн мэс заслын салбарт сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй 20 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн, цогц бүрэлдэхүүн бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн түүхэн шинэчлэл хийгджээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Ингэснээр манай улсын иргэд дэлхийн түвшний тусламж үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдэж, улам өргөжиж байна.

“Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн КОВИД-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт нийтдээ 22.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж.
 
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх, өндөр эрсдэлтэй өвчтөний оношлогоо эмчилгээг сайжруулах зорилготой КОВИД-19-ийн яаралтай тусламжийн шинэ зээлийн гэрээг 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан. 

Гэрээний дагуу аймаг, нийслэлийн лавлагаа шатны эмнэлгүүдэд Ковид-19, SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдварын хүндрэл, уушигны хатгалгааны үед хэрэглэгдэх амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл болон УНТЭ болон УГТЭ-т эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай нийт 75 нэр төрлийн 72534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хангаж, суурилуулан, үйл ажиллагаанд оруулаад байна.

Мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин биобэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах нэгдсэн агуулахыг барих ажил хийгдэж байгаа юм.

Лавлагаа шатлалын эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг сайжруулах зорилгоор улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд иж бүрэн тоноглолтой эрчимт эмчилгээний 210 ор нийлүүлсэнээс 35 ор нь одоо УГТЭ-ийн Ковид-19-ийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжид ашиглагдаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.