Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден АНУ-ын том компаниудын ажилчдад вакцин тариулах, долоо хоног бүр шинжилгээ өгөх хоёр сонголтыг тулгалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн цар тахалтай тэмцэх ээлжит арга хэмжээгээ зарлалаа.

Холбооны хэмжээнд хэрэгжих шинэ журмын дагуу тус улсын 100 ба түүнээс дээш ажилтантай хувийн компаниудын бүх ажилтан коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байх шаардлагатай болжээ. Хэрвээ вакцин тариулахыг хүсэхгүй бол хамгийн уртдаа долоо хоног бүр шинжилгээ өгөх журамтай болж байна.

Шинэ журам нь АНУ-ын 80 сая орчим иргэнд үйлчлэх ажээ.

“Энэ бол эрх чөлөө, хувь хүний сонголтын асуудал биш. Энэ бол өөрийгөө болон бусдыг хамгаалах тухай юм” гэж Жо Байден шийдвэрийг зарлахдаа хэлсэн байна.

Холбооны засгийн газраас санхүүждэг эмнэлгүүд, эрүүл мэндийн байгууллагуудын 17 сая орчим ажилтанд мөн ийм шаардлага тавихаар болжээ.

Шинэ журмыг хэрэгжүүлээгүй компаниудад олон мянган долларын торгууль оноох эрхийг Байден хөдөлмөрийн яамандаа өгсөн байна.

Байден өмнө нь холбооны засаг захиргаанд ажилладаг 2.5 сая орчим албан хаагчид мөн вакцин тариулах, вакциныг зөвшөөрөхгүй бол ойр ойрхон шинжилгээнд хамрагдах шаардлага тавьж байсан юм. Харин өчигдөр зарласан шинэ журмын дагуу вакцин тариулахыг эсэргүүцвэл ажлаас нь шууд чөлөөлөхөөр болжээ.

Өнөөдөр АНУ даяар 80 сая гаруй хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй үлдээд байгаа. Коронавирусийн Дельта хувилбараар дэгдсэн тахлын шинэ давалгааны улмаас олон мянган хүн амиа алдаж байгаагийн ихэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй бүлгийнхэн байгаа юм.

“Хэдийгээр Дельта хувилбар тархсан ч ирэх өвөл өмнөх өвөл шиг хүнд болохгүй гэж бид таамаглаж байна. Тодорхой тооны Америкчууд вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа нь бидний санааг зовоосон хамгийн гол асуудал юм” гэж Жо Байден хэлсэн байна.

Вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын 25 орчим хувийг тэр өөрийнх нь засаг захиргааны “цар тахалтай хийж буй тэмцлийг үр дүнгүй болгож байна” хэмээн буруутгажээ.

 

Эх сурвалж: BBC