Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Жалгас Адилбаев: БНКУ-аас Монгол Улсад коронавирусийн эсрэг “Казвак” вакцин хандивлана

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг montsame.mn

Бүгд Найрамдах Казахстан Улс тусгаар тогтносны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев энэхүү ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийг танилцуулахын зэрэгцээ БНКУ-ын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын нийт ард түмэндээ хандан дэвшүүлсэн илгээлтийн товч агуулгын талаар мэдээлэл өглөө.

Казахстан Улсад жил бүр төрийн тэргүүн нь нийт ард түмэндээ хандан илгээлт дэвшүүлдэг уламжлалтай аж. Энэ удаагийн илгээлтээр “Ард түмний эв нэгдэл ба системтэй шинэчлэл-улс орны хөгжлийн гол үндэс болох нь” сэдвийн хүрээнд ард түмэндээ ханджээ.

Илгээлт нь цар тахлын дараах эдийн засгийн хөгжил, эрүүл мэндийн салбарын хөгжлийн сайжруулах, чанартай боловсрол олгох, бүс нутгийг аюулгүй байдлыг хамгаалах зэрэг долоон зүйл, таван бүлгээс бүрдсэн байна.

Тус улсын дунд хугацааны зорилтын тухайд 2025 он гэхэд цэвэршүүлэх үйлдвэрийн экспортын 1.5 хувиар нэмэгдүүлж, үнийг дүнг нь 24 тэрбум ам.долларт хүргэх, ажлын бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлж, инфляцын түвшинг 4-6 хувьд барихаар төлөвлөжээ.

“Ард түмний эв нэгдэл ба системтэй шинэчлэл-улс орны хөгжлийн гол үндэс болох нь” сэдэвт илгээлтийн гол агуулгууд

  • 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 42.5 мянган тэнгэ байсныг 60 мянган тэнгэ болгож нэмэгдүүлсэн. Уг нэмэгдлийг нэг сая орчим иргэн авч байгаа аж.
  • Тус улсад нийт 6.5 сая хүн ямар нэгэн нэмэлт орлогогүй, цалингаараа амьдардаг гэсэн судалгаа бий. Үүнийг харгалзан нэг том шинэчлэл хийсэн нь ажилчдынхаа цалинг нэмсэн байгууллагуудад төрөөс дэмжлэг үзүүлсэн явдал юм. Тухайлбал, тухайн байгууллагыг урамшуулах, татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлөх зэрэг дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Үүнийг 2023 оны нэгдүгээр сараас албан ёсоор хэрэгжүүлж эхлэхээр болжээ.
  • 2022-2025 оны хооронд үйлчилгээ, соёлын салбарт ажилладаг хүмүүсийн цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
  • БНКУ-д 7, 20, 25 жилийн хугацаатай орон сууцны зээлийг иргэддээ олгодог. Иргэдийн нийгмийн даатгал, тэтгэврийн санг уг хөтөлбөртэй уялдаа холбоотой болгосноор олон гэр бүлд дэмжлэг болсон байна.

Бүгд Найрамдах Казахстан Улс тусгаар тогтносны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, санаачилгууд

  • Тус улсын парламент нь хоёр танхимтай. Үүний нэг болох Мажилис танхимд өрсөлдөх улс төрийн намуудын хязгаарыг 7 хувиас 5 хувь болгож бууруулсан. Ингэснээр Мажилист маш олон намууд хоорондоо өрсөлдөх, сонгогдох, олон намт тогтолцоо бий болох үндэс суурь бий болж байна.
  • Өргөдөл илгээх, гарын үсэг цуглуулах зэрэг асуудлыг цахимаар шийддэг болсноос иргэний нийгмийн бэхжүүлэх, төр иргэн хоорондын харилцааг хялбарчилсан.
  • Мөн хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр хүний эрхийн асуудлыг шинэ түвшинд авч үзэх боломжтой болсон.

Элчин сайд Жалгас Адилбаев “Хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг урагшлуулах шаардлагатай байгаа. Үүний хүрээнд манай Элчин сайдын яамнаас хоёр орны парламентын бүлгийн гишүүдийн уулзалтыг зохион байгуулах, харилцан айлчлал зохион байгуулах зэрэг ажлуудад өндөр ач холбогдол өгч ажиллаж байна.

Түүнчлэн Казахстан улс CICA буюу Ази дахь итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг энэ жил даргалж байгаа. Энэ ташрамд Казахстан улсыг даргалж байх хугацаанд Монгол Улс бүхий л талаар биднийг дэмжин оролцдогт талархал илэрхийлж байна.

 

Энэ жилийн тухайд аравдугаар сард зохион байгуулагдах гадаад харилцааны сайд нарын ээлжит уулзалтад монголын талаас өндөр дээд түвшинд оролцоно гэдэг хүлээлт байгаа.

Мөн хоёр жилийн дараа CICA-гийн VI их хурал болно. Энэ хуралд Монгол Улсын төрийн тэргүүн оролцоно гэдэг хүлээлттэй байгаа. Түүнээс өмнө буюу энэ сард гишүүн орнуудын эдийн засгийг дижиталчлах, үндэсний аюулгүй байдлын салбар дахь онлайн арга хэмжээнүд зохион байгуулагдана. Эдгээрг арга хэмжээнд монголын талыг холбогдох түвшинд оролцож, бидний санал санаачилгыг дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.

Тус улс хүний эрхийг хамгаалах чиглэлд ихээхэн ач холбогдол өгч, хуулийн хүрээнд шинэчлэл хийж байгааг Элчин сайд Жалгас Адилбаев дурдсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын санаачилгаар тайван жагсаалын тухай хууль батлагдаж, цаазын ялыг халах тухай НҮБ-ын II протоколд нэгдэж орсон байна. Мөн эмэгтэйчүүд, залуучуудыг дэмжих үүднээс сонгуульд 30 хүртэл хувийн квот олгожээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх онд тохионо

Түүнчлэн хоёр жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн шашны тэргүүн нарын чуулга уулзалт ирэх сард БНКУ-ын Нурсултан хотод онлайн хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд манай улсын шашны төлөөллүүд оролцохоор болоод байгаа аж. Мөн энэ жил Женев хотноо Дэлхийн худалдаан байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын ээлжит 12 дугаар чуулган Казахстан улсын удирдлаган дор зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээнд монголын талыг дэмжин оролцоно гэдэгт итгэж буйгаа Элчин сайд Жалгас Адилбаев онцолсон юм.

2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо.

Манай хоёр улсын худалдаа эргэлийн тухайд 2020 онд 29.3 сая гаруй ам.доллар байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 25.2 сая ам.долларт хүрээд байна.

Энэ талаар Элчин сайд “Хоёр орны худалдаа эргэлтийг харуулсан энэ тоо бол хангалттай дүн биш. Бид эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжууд нээлттэй байсаар байна. 2019 онд Нурсултан-Улаанбаатар чиглэлд, 2020 онд Улаанбаатар-Алма-Ата чиглэлд шууд нислэг үйлдэх боломж нээгдсэн. Цар тахлын үе учир зөвхөн чартер нислэг үйлдэж байна. Цаашид Алма-Ата-Баян-Өлгий, Караганди-Баян-Өлгий чиглэлийн олон улсын нислэг, болон бусад зорчигч тээвэр явуулах боломжийг судалж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Казахстаны үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн хоёр улсын хооронд тэтгэврийн тухай хуулийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар бэлдэж байна. Хэлэлцээрийн төслийг боловсруулж, ирэх жил гарын үсэг зурахаар бэлдэж байна. 2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад айлчлах үеэрээ алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахаар тохиролцсон. Энэ хэлэлцээр удахгүй биелэлээ олно гэдэгт Казахстаны тал итгэлтэй байна.

Үүнээс гадна БНКУ-ын Боловсролын яамны дэргэдэх Биологийн аюулгүй байдлын хүрээлэн коронавирусийн эсрэг “Казвак” вакцин гарган авсан. Энэхүү вакцинаас 5-20 мянган тунг Монгол Улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хандивлахыг санал болгосон. Одоогоор “Казвак” вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэхтэй холбоотой ажлууд үргэлжилж байгаа” гэв.