Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хааны өв, соёл” I, II, III боть, Монголын нууц товчоог гадаадын 30 гаруй хэлээр орчуулсан үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Чингис хааны өв, соёл” боть I, II, III цуврал бүтээлийн нээлт, “Монголын нууц товчоон” ном хэвлэлийн үзэсгэлэн Bluemon “Norphei art” үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.

Чингис хааны өв, соёлын хүрээлэн нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоолоор байгуулагдан Соёлын яамны харьяанд ажиллаж байна.

Тус хүрээлэн нь Чингис хаан судлалыг Монгол судлалын нэгэн чиглэл болгон хөгжүүлэх, Чингис хаан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийг алдаршуулах, Чингис хааны өв, соёлын баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, Монголын Эзэнт гүрний өв, соёлыг гадаадын орнуудад түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад чиглэсэн нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулах, Чингис хаантай холбоотой ёслол, хүндэтгэл, нэр нэршлийг нийгмийн харилцаанд хэрэглэх хэм хэмжээ тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь судалгаа хийх зорилготой.
 
Чингис хааны өв, соёлын хүрээлэн

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн судлаачид бие даасан болон хамтарсан арав орчим судалгааны бүтээл эрхлэн хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгоод байна. Монголын Үндэсний номын сан болон Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хаан болон Монголын Эзэнт Гүрний үед хамаарах ховор нандин түүхийн сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Чингис хааны өв, соёл” I, II, III ботийг эрхлэн хэвлүүлж, өнөөдөр нээлтээ хийж байгаа юм. Цаашид энэхүү судалгааны ажлыг улам гүнзгийрүүлж, цуврал бүтээл үргэлжлэн хэвлэгдэнэ.

Мөн өнөөдөр Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн зөвлөх, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, доктор, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн Э.Пүрэвжавтай хамтран өдгөө Монголын нууц товчоог гадаадын 30 гаруй хэлээр орчуулан хэвлүүлснийг эл үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

 

 

Эх сурвалж: Чингис хааны өв, соёлын хүрээлэн