Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: КОВИД-19 халдвараар өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 73.6 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй ээжүүдийг хамруулан хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа. 

Тэрбээр "Сүүлийн долоо хоногт КОВИД-19 халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдсэн. Тэр дундаа хүүхэд болон жирэмсэн эхчүүд халдвар авах нь нэмэгдэж байна. Нийт хүн амын 6.2 хувь нь өвдөөд байгаа. Эндэгдэл дэлхийн дунджаар 4.4 хувь байгаа бол манай улсад 0.42 хувьтай байгаа нь вакцины үр дүн гэж үзэж байна.

Жирэмсний хяналтад байгаа вакцин хийлгэсэн болон хийлгээгүй нийт 420 эхийг хамруулсан судалгааг хийсэн. Ингэхэд вакцины эхний тунг хийлгэсний дараа илрэх хариу урвалууд 45.8 хувьд 24-72 цаг, 47.2 хувьд 24 цаг үргэлжилсэн. Вакцины дараах цус бүлэгнэлтийн өөрчлөлтийг вакцин хийлгээгүй бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Мөн вакцинд хамрагдсан, хамрагдаагүй хоёр бүлэгт нийт жирэмсний хүндрэл бага өвчлөлийн тохиолдол ялгаагүй түвшинд байсан. Өөрөөр хэлбэл вакцин жирэмсэн эмэгтэйд хүндрэл, өвлөлийн эрсдэл үүсгэхгүй байна. 

Судалгаанд оролцогчдын дунд КОВИД-19 халдвараар өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дийлэнх буюу 73.6 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Вакцинд хамрагдаагүй бол халдварт өртөх эрсдэл 2 дахин өндөр байна гэсэн үг юм. 

Түүнчлэн судалгаанд оролцогчдын урагт хэт авиан шинжилгээ хийж, ургийн гажиг үүсэж байгаа эсэхийг харьцуулан судлахад хоёр бүлэгт ялгаагүй үр дүн гарсан" гэдгийг танилцууллаа. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/284376103121997