Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Талибаны засгийн газар Афган эмэгтэйчүүдэд спорт тоглоом тоглохыг хориглоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Талибанчуудын байгуулсан Афганистаны шинэ засгийн газар тус улсын эмэгтэйчүүдэд спорт тоглоом тоглохыг хориглох тухай албаны хүн өчигдөр ярьжээ.

Австралийн SBS телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Талибаны дэглэмийн соёлын  хорооны дарга Ахмадуллах Васик “Эмэгтэйчүүдэд крикет тоглохыг зөвшөөрөх хэрэггүй гэж би бодож байна. Учир нь тэдэнд ингэх шаардлага хэрэгцээ байхгүй. Крикет тоглоход эмэгтэй хүний царай, бие ил гарах эрсдэлтэй. Исламын шашинд ингэхийг хориглодог. Хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ хөгжсөн өнөө үед тэдний зураг дүрс тарж, хүмүүс олноороо үзэх боломжтой. Исламын шашин болон Исламын Эмирт улс (Афганистан) эмэгтэйчүүдэд крикет болон бусад бие, царайг нь ил харуулах спорт тоглоом тоглохыг зөвшөөрөхгүй” гэж ярьсан байна.

Афганистаны крикетийн холбоо одоогоор Талибаны засгийн газраас эмэгтэйчүүдтэй холбоотой ямар нэг шийдвэр хүлээж аваагүй байгаагаа мэдээлжээ. Гэхдээ тус холбооноос зохион байгуулдаг охидын уралдаан тэмцээнүүд цуцлагдаад байгаа. Крикет нь Афганистаны хамгийн түгээмэл спортын төрөлд тооцогддог.

Наймдугаар сарын дундуур Кабул хотыг эзэлсэн Талибанчууд шинэ засгийн газар байгуулсан нь Лхагва гарагаас эхлэн ажилдаа орсон юм.

Шинэ засгийн газрын танхимын гол албан тушаалуудад шашны хатуу чиг шугам баримтлагчид томилогдсон байна. Харин ганц ч өндөр албан тушаалд эмэгтэй хүн томилогдоогүй юм.

АНУ-ын төрийн департмент Афганистаны шинэ засгийн газарт эмэгтэйчүүд байхгүй, зөвхөн Талибанчууд, тэдгээрийн дотор муу намтар түүхтэй хүмүүс томилогдсонд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ шинэ засгийн газрыг анхааралтай ажиглаж, цаашдын үйлдлээр нь дүгнэхээ мэдэгдсэн байна.

Европын Холбоо бас олон талын оролцоотой засгийн газар байгуулагдаагүйд харамсаж байгаагааа илэрхийлсэн юм. Харин Талибаны хэвлэлийн төлөөлөгч шинэ танхимаа “түр засгийн газар” хэмээн нэрлэж, улсынхаа бусад үндэстэн угсаатнуудын төлөөллийг нэмж оруулахаа амлаж байна.

 

Эх сурвалж: The Guardian