Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын онцгой байдлын сайд хүний амь аврах гэж ус руу үсрээд осолджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын онцгой байдлын сайд Евгений Зиничев умард туйлд болж буй дадлага сургуулилалтын үеэр амиа алдсан тухай Лхагва гарагт албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Баримтат киноны зураглаач эрэг дээрээс хөл алдаж, ус руу унахад сайд араас нь аврахаар үсрэхдээ чулуу мөргөж нас барсан байна. Эрэг дээрээс усанд унасан 63 настай зураглаач Александр Мелник бас амиа алджээ.

55 настай Евгений Зиничев өмнө нь ерөнхийлөгч Владимир Путиний хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан юм. 

Путин сайдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд “Тэр бол миний хувьд хэнээр ч орлуулах боломжгүй хүн юм” хэмээн гашууджээ. Зиничев нь Зөвлөлт Холбоот Улсын сүүлчийн он жилүүдэд КГБ-ын албан хаагч байсан юм. 2006-аас 2015 онд Путиний хамгаалалтын албыг тэргүүлж байгаад 2018 онд ОХУ-ын онцгой байдлын сайд болжээ.

Тэр бас ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан юм.

 

Умард туйлын бүс дэх хэд хэдэн хотод аврах ажиллагааны хоёр өдрийн дадлага сургуулилалт Мягмар гарагт эхэлж, нийтдээ 6,000 гаруй хүн оролцож байжээ.

Зиничев сургуулилалтын явцыг ажиглаж, Норильск хотод шинээр байгуулагдсан гал унтраах ангитай танилцахаар очоод байсан гэнэ.

ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин талийгаачийг “жинхэнэ Орос офицер” байсан гэж магтсан бол Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров сайдыг “баатрын ёсоор амь үрэгдлээ” хэмээн үнэлжээ.

Зиничевийн орлогч Андрей Гурович “Тэр эцсийн мөчид огт эргэлзэлгүйгээр сайд шиг биш, аврагч шиг үйлдэл гаргалаа. Насан туршдаа тэр ингэж амьдарсан юм” гэж дурссан байна.

 

Эх сурвалж: AFP