Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын цүнхний ачааллыг бууруулах зорилготой “Өдөн цүнх” төслийн баг СХД-ийн 9-р сургуульд шүүгээ хүлээлгэн өглөө

ikon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэгээс зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн залуу манлайлагч-2019” хөтөлбөрийн шилдэг оролцогч “Өдөн цүнх” төслийн багийнхан өнөөдөр /2021.09.08/ нийслэлийн СХД-ийн 9-р сургуульд 30 нүд бүхий шүүгээ (locker) хүлээлгэн өглөө. Уг төслийн зорилго нь өөрсдийн зорилтот бүлэг болох ЕБС-ийн дунд ангийн сурагчдын цүнхний ачааллыг бууруулж, суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.

Манай улсын ихэнх сургуулийн хувьд сурагчид анги танхимдаа сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэгслээ хадгалаж үлдээх хувийн шүүгээ байхгүйн улмаас хүүхдүүд өдөр бүр гэр, сургуулийн хооронд хүнд цүнх үүрч явдаг. Тухайлбал, ДЭМБ-аас сурагчдын цүнхний жин тухайн сурагчийн биеийн жингийн 10%-иас хэтрэх ёсгүй гэж заасан байдаг ч, бодит байдал дээр манай сурагчид биеийн жингийн индексээс 15-20 хувиар илүү цүнх үүрдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.

Ялангуяа дунд ангид буюу 11-13 насанд хүүхдийн өсөлтийн хамгийн идэвхтэй үе байдаг бөгөөд  энэ үед хүнд цүнх үүрснээр хүүхдийн өсөлт муудах, нуруу нугасны өвчлөлд өртөх, сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлөх, сурах хүсэл эрмэлзэл буурах зэрэг бие махбод болоод сэтгэл зүйн хямралд өртдөг аж.

Тиймээс “Өдөн цүнх” төслийн багийнхан нийслэлийн захын сургуулиудын нэг болох СХД-ийн 9-р сургуулийг сонгож, 6-р ангийн нэг бүлэгт нь шүүгээ тохижуулан, өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.

 

Уг сургуулийн сурагчид дунджаар 5-6 км алхаж эсвэл 2 автобус дамжин, ойролцоогоор 30-60 минутын турш цүнхээ үүрч ирдэг байна.

СХД-ийн 9-р сургуулийн захирал Д.Нарангэрэл

Манай сургуулийг сонгож, сурагчдад маань шүүгээ өгсөн та бүхэндээ баярлалаа. Хүүхдийн цүнхний жингийн асуудал бол яалтчгүй сүүлийн үед боловсролын салбарт хөндөгдөж буй асуудал. Манай сургуульд жишээ нь сургуулийн автобус гэж байхгүй. Тиймээс хүүхдүүд маань зүүн талын дэнжээс, Ханын материалын эцсээс олон километр алхаж ирдэг. Тэгэхээр энэ бүхэн ялангуяа ид өсөлтийн насан дээрээ байгаа хүүхдүүдийн бие махбод болон сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэхүү төсөл нь холоос алхаж ирдэг хүүхдүүдэд үр дүнгээ өгсөн сайхан төсөл болно гэж найдаж байна.

Бид 6-р ангийн найман бүлгээсээ судалгаа авч, ар гэр, ахуйн нөхцөл зэргийг нь харгалзаж үзэн, хамгийн олон хүүхэд холоос ирдэг ангийг сонгоод, анги удирдсан багшид нь шүүгээний түлхүүрийг хариуцуулан өгөх болно.

Мөн манай сургууль энэхүү төслийг цааш нь дүүргийнхээ сургууль, захирлуудад сурталчлан, дэмжинэ гэдгээ илэрхийлмээр байна.

Есдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Л.Нямсүрэн

Зарим сурагчид маань хүнд цүнхнээсээ болоод өглөө бүр доошоо бөхийчихсөн орж ирдэг. Үүнээс болоод хүүхэд багаасаа нурууны суулттай болж байна. Мөн аарцаг нуруу, өсөлтийн прогноз зэрэгт маш сөргөөр нөлөөлдөг. Үүний жишээ нь, одоогийн 6-р ангийн хүүхдүүдийн жин, өндрийн хэмжээг 4,5 жилийн өмнөх хүүхдүүдтэй харьцуулахад багасаад байна. Одоо зургадугаар ангийн хүүхдүүдийг ороод харвал яг 4-5 дугаар ангийн хүүхэд шиг өндөртэй ч хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ төсөл бүхий л сургуулиуд дээр хэрэгжээд, хүүхэд хамгааллын ажил явагдаасай гэж хүсэж байна.

 

/Нийгмийн эрүүл мэндийн судалгаан дээр үндэслэн ЕБС-ийн 6-р ангийн сурагчдын дундаж өндөрт тохируулан хийсэн шүүгээ/

Ийнхүү “Өдөн цүнх” төслийн багийнхан ЕБ-ын 9-р сургуульд хүлээлгэн өгсөн шүүгээгээ жишиг болгон бусад сургууль, эцэг эхчүүдийг хэн нэгнийг хүлээлгүй өөрсдөө бяцхан санхүүжилт босгож, хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө анги танхим бүрд шүүгээ байрлуулахыг уриалж буй юм. Мөн тэд илүү олон сургуулийг уг төсөлд хамруулахын тулд хүнд цүнх хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг мөн шүүгээ байрлуулснаар ямар ач тустай талаар бяцхан гарын авлага хийж, сургуулиудад тараах юм байна.

“Өдөн цүнх” төслийн багтай холбогдож тодруулах зүйл байвал uduntsunh@gmail.com и-мейл хаягаар холбогдоорой.