Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд танхимаар суралцах боломжийг аль болох эрт нээхэд анхаарал хандуулахыг Хятадын талаас хүслээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга нарын уулзалтыг цахимаар зохион байгуулав.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар оролцож, хоёр талын худалдаа, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Коронавируст халдварын үр дагаврыг бууруулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахад хоёр талаас анхаарч, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв. Үүний тулд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлж, хилийн голлох боомтуудаар ачаа бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд талууд анхаарч ажиллахаар боллоо.

 

Шадар сайд С.Амарсайхан Монголын талаас хилийн боомтын бүс нутгуудын халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээг танилцуулж, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтоор нэвтэрч буй нүүрсний машины тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, нүүрсний чингэлэг тээврийн журмыг ойрын үед тохиролцож, тээвэрлэлтийг эхлүүлэх санал дэвшүүлэв.

Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлгийн бөөгнөрлийг шийдвэрлэх, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтоор уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх саналыг Шадар сайд С.Амарсайхан гаргасныг Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао анхааралдаа авч, холбогдох байгууллагууддаа шуурхай уламжлахаа илэрхийлэв.

Мөн БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд танхимаар суралцах боломжийг аль болох эрт нээхэд анхаарал хандуулахыг Шадар сайд С.Амарсайхан Хятадын талаас хүслээ.