Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын цэргийн дэглэм “Буддын террорист лам”-ыг шоронгоос суллажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Үндсэрхэг үзэл, муслимуудын эсрэг үзлээрээ алдартай Бүддийн шашны ламыг Мьянмарын цэргийн дэглэм шоронгоос суллажээ.

Ашин Виратху лам Мьянмарын өмнөх засгийн газрын үед төрийн эсрэг иргэдийг үймээн самуунд уриалсан хэргээр шоронд хоригдоод байсан юм.

Мьянмарын шашны цөөнх Рохинжа хүмүүсийг ялгаварлан гадуурхсан үг хэл, үйлдэл нь түүнийг “Буддист Бин Ладен” хэмээх алдрыг хүртэхэд хүргэж байв.

Виратху лам Мьянмарын цэргийнхнийг талархан дэмжиж, ардчилсан хөдөлгөөний удирдагч Аун Сан Сү Чиг шүүмжилсэн үгийг хэд хэдэн арга хэмжээний үеэр хэлснийхээ дараа 2019 онд шалгагдаж эхэлжээ. Тэрбээр эрэн сурвалжлагдаж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баривчлагдсан байна.

Гэвч энэ оны хоёрдугаар сард Мьянмарт цэргийн эргэлт гарснаар Виратху ламын шүүх хурал хойшлогдсон юм. 

Цэргийн дэглэмийн эрх баригчид Даваа гарагт ламтанд тулгасан бүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шоронгоос суллахдаа ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Ашин Виратху тус улсын Буддын лам хуврагуудад худалдаа наймаа эрхлэх, хөрөнгө эзэмших, гэр бүлтэй болох эрх олгох хөдөлгөөнийг тэргүүлэн анх алдаршиж байжээ.

Дараа нь 2012 онд Мьянмарын Рахин мужид Буддистууд, Рохинжа муслимуудын хооронд гарсан мөргөлдөөний үеэр дахин алдаршиж байв.

Дараа жил нь Time сэтгүүл түүний зургийг нүүрэндээ нийтлэхдээ “The Face of Buddhist Terror?” гэсэн гарчиг өгч байжээ.

2017 онд Мьянмарын Буддистуудын захиргаа түүний хурал номд оролцох эрхийг нэг жилээр хасаж, 2018 онд Фэйсбүүк компани муслимуудыг үзэн ядах үг хэллэг хэрэглэж, хүчирхийлэлд уриалсных нь төлөө түүний хуудсыг хааж байв.

54 сая хүн амтай Мьянмар улсын хүн амын дийлэнх хэсэг Буддын шашинтай. Тус улсын эрх баригчид хөрш Бангладешаас дүрвэж ирсэн Рохинжа муслимуудыг ялгаварлан гадуурхсан бодлого явуулдаг нь олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд байнга өртдөг юм. Рохинжа хүмүүс хэдэн үеэрээ Мьянмарт суурьшсан ч иргэний харьяалалгүй, хүнд хэцүү нөхцөлд амьдардаг байна.

 

Эх сурвалж: BBC