Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Октябрь: Нийгэмд тулгарч буй асуудлыг олж хардаг, шийдэл хайдаг сэтгэлгээтэй байх нь старт-апын цөм

ikon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Удахгүй болох “Digital Nation-2021” болно.

Тэгвэл старт-ап компаниуд, бизнесийн орчин болон мэдээлэл, технологийн салбарын хөгжлийн асуудлаар Америкийн хөрөнгө оруулалтын томоохон компаниудын нэг “Techstars” компанийн Ази, Номхон далай хариуцсан Ахлах захирал Д.Бат-Октябрьтай ярилцлаа.

-Энэ жил зохиогдож буй “Digital Nation-2021” арга хэмжээнд Та ямар үүрэгтэй оролцож байна вэ?

-Бидний мэдэх хуучнаар “ICT Expo” энэ жилээс өргөжин “Digital Nation-2021” арга хэмжээ болоод байна. Цахим үндэстэн болох санаачилгын хүрээнд олон талт сэдэв, хэлэлцүүлэг, үйл ажиллагааг төлөвлөснөөс гарааны бизнес, инновацын хэсэг яах аргагүй анхаарал татна. Энэ ч утгаараа миний хувьд старт-ап экосистем, гарааны бизнесүүдийг дэмжих талаас нь анхаарч, зөвлөж ажиллаж байна. Мөн гадаад харилцааны асуудлыг хариуцаж, Монголын болон олон улсын хөрөнгө оруулагчдад старт-ап компаниудаа танилцуулах, тэднийг холбох ажлыг хийж байна. Өмнө нь энэ чиглэлийн арга хэмжээнүүдэд ажиллаж ирсэн тул ерөнхий бүтэц, зохион байгуулалт талаас нь зөвлөгөө өгч хөтөлбөр төлөвлөлтөд оролцсон байгаа.

Хамгийн чухал нь старт-ап хүрээллээ бий болгох, тэднийг өөр хооронд нь төдийгүй дотоод, гадаадад хөрөнгө оруулагчидтай холбох, зах зээлд сурталчлах зэрэг ажилд хувь нэмрээ оруулахыг хичээж байна

-Нэг хэсэг манайд “Монголд анх удаа...” гэсэн сурталчилгаа тасрахаа болиод байлаа. Харин одоо хүн бүрийн яриаг сонсоход “дэлхийд гарах” гэх үг дуулдах боллоо. Бидэнд үнэхээр тийм боломж бий юү? Бид гадаад зах зээлд юу амлаж чадах вэ?

-Юун түрүүнд бодит байдал бол Монголын зах зээл угаасаа жижигхэн.

Харин старт-ап компаниудын хувьд уламжлалт бизнесийг бодвол төрөлхийн томрох чадвартай бизнес шүү дээ. Учир нь суурилж байгаа хэлбэр нь интернэт, технологи, гар утас гээд дэлхийн хаанаас ч хандах боломжтой хил хязгаарт баригддаггүй онцлогтой.

Тэгэхээр энэ бизнесүүдийн бүгдийнх зорилго бол Монголын зах зээлд байр сууриа олох, улмаар хоёр, гурав дахь зах зээл рүү орох. Энэ үүднээсээ одоо хийж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дотоод, гадаадын хэрэглэгчдэд амжилттай хүргэх нь хамгийн эхний чухал алхам.

Ингэж чадвал олон улсаас санхүүжилт босгох бүрэн боломж байна. Тухайлбал, “Анд Глобал” гэхэд гурав дахь удаагаа гадаад зах зээлээс санхүүжилт татлаа шүү дээ. Мөн “Erxes” байна. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнээ гаднын хэрэглэгчдэд хүргээд зогсохгүй, гаднын зах зээлээс мөнгө босгох боломж бидэнд байна. Энэ чинь дэлхийд гарч байгаа хэрэг мөн шүү дээ. Өнөөдөр Монголын зах зээлд үнэ цэн үүсгэж байгаа үйлчилгээ бүхэн олон улсад гарах бүрэн боломжтой. Тэдний цөөнгүй нь олон улсад тэргүүлэх технологийг хийчихсэн байгаа.

Миний хувьд гаднын компаниудтай хамтран ажилладгийн хувьд энийг харьцуулаад харах нөхцөл боломж байдаг. Би яг одоо Тайванийн 10, Солонгосын 12, Японы 60 компанийг хариуцан ажиллаж байгаа хүн. Эндээс харвал манай монгол компаниуд яг л бусдын адил үнэ цэн үүсгэх чадвартай, тэр ч бүү хэл зарим талаар тэргүүлсэн байгаа. Харин өргөн хүрээнд харвал манай экосистем шинээрээ байна, олон улсад гарсан зам, жишиг хэтэрхий цөөн байна. Тиймээс одоо энэ чиглэлд анхаарах нь чухал байна.

 

-Бид зарим талаар тэргүүлэгч байгааг Та сая дурьдлаа. Старт-ап гэлтгүй ер нь манай мэдээлэл технологийн салбарын хөгжил хэр ахицтай явна вэ?

-Үнэ цэнийг бий болгох хамгийн чухал зүйл бол авьяас, мэдлэг. Энэ талаас нь харвал манай боловсролын систем маш сайн математик, шинжлэх ухааны суурь мэдлэг олгодог. Энэ нь программ хангамж тал руугаа маш сайн суурь болж өгч байгаа юм. Манай программчлал хийдэг дундаж инженер олон улсын инженерүүдийг харвал хамаагүй суурьтай, чадварлаг шүү. Гэхдээ нэг зүйл гэвэл энэ салбар яах аргагүй бидэнд шинэ байна. Энэ салбарт ахлах түвшинд 10, 20 жил ажилласан туршлагатай хүн одоогоор бидэнд алга. Тийм учраас дараачийн түвшинд ороод ирэхээр бид туршлагаар хоцрогдоод байна. Тэгээд л дэлхийд гаръя, олон улсын инженерүүдтэй хамтарч ажиллаж тэр, мэдлэг туршлагыг нь өөрсөндөө зам товчилж хуулж авъя гээд байгаа юм. Бас нэг зүйл нь манай инженерүүдийн тоо маш бага. Тэгэхээр энэ чиглэл рүү залууст боловсрол, мэдлэг олгох шаардлагатай. Энэ нь зөвхөн Монголд биш олон улсад ямар эрэлттэй, ирээдүйн өсөлттэй карьерийн сонголт вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Өнөөдөр Монголын зах зээлд үнэ цэн үүсгэж байгаа үйлчилгээ бүхэн олон улсад гарах бүрэн боломжтой

-Үндэстнийхээ хувьд бид цахим үндэстэн болох эхлэлээ тавиад байна гэж байгаа. Энэ үйл явцыг хэрхэн харж, үнэлдэг вэ?

-Энэ тухайд илүү хэрэглэгч талаас нь ярих хэрэгтэй болох нь.

Цахим үндэстэн гэвэл бид иргэдийн өдөр тутмын амьдралд технологи хэр зэрэг нэвтэрч байна вэ гэдгийг авч үзэж болно. Технологийг ашиглаж амьдралаа хэр хөнгөвчилж, түүнд суурилсан эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн харилцаа хэрхэн явагдаж байна вэ гэдэг асуулт гарна. Ингээд харвал бидний анзаардаггүй маш их зүйл бий шүү. Гар утасны хэрэглээ, гар утсан дээрх болон ерөнхий интернэтийн хэрэглээ, банкны хэрэглээ гэхчлэн харахаар хэдэн настай ч хамаагүй монгол хүний хэрэглээний дадал зуршил, эдгээр технологитой харьцаж байгаа нээлттэй байдал, болгоомжлол зэргээс үзвэл бид маш ахицтай яваа. Өнөөдөр эмээ, өвөө нар хоорондоо мессенжерээр ярьдаг болчихсон байна. Энэ утгаараа жижиг улс хэдий ч шинэ зүйлийг маш хурдан өөриймшүүлж авсан, хурдтай нэвтрүүлсэн, давуу талыг нь ойлгож, мэдэрсэн тал харагдаж байна.

Үүнээс гадна бусад салбарт мэдээллийн технологи хэр зэрэг нэвтэрч байна вэ гэдгийг харах хэрэгтэй болно. Хамгийн эрчтэй салбар бол банк, санхүү болон фин-тек байна. Монгол залуу бүр утсандаа 1-2 банк, санхүүгийн аппликейшнтэй. Үндсэн банкны үйлчилгээнээс гадна төлбөрийн данс, зээлийн данс, хэтэвч гээд бид аль хэдийнэ цахим шийдлээр амьдралаа хөнгөвчлөөд сурчихсан байна. Ковидын нөлөөгөөр боловсролын салбарт мөн технологийн шийдэл хурдтай нэвтэрч байна. Дунд сургуулийн хүүхдүүд хичээлийн үндсэн агуулгаасаа гадна нэмэлт аппликейшн, үйлчилгээ ашиглаад маш их боломжид нэвтэрч байна.

Одоо бид Ebarimt, e-Mongolia зэрэг амжилттай жишээн дээрээ суурилаад төрийн болон нийгмийн бусад хүмүүс хоорондын харилцааг хэрхэн технологид суурилан хялбарчлах вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Би гадаадад байгаа хэрнээ л e-Mongolia ашиглаад хувийн ажлаа амжуулж болж байна гэдэг том дэвшил. Сингапурт хамт ажилладаг хүмүүстээ харуулахад яг л Singpass шиг болжээ гэдгийг хэлж байсан. Singpass-аар хүн өөрийн гар утсан дээрээ татвараас эхлээд тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ гээд бүх л мэдээллээ халаасандаа байлгаж болдог шиг бид энэ чиглэл рүү л тэмүүлж байна.

-Цахим үндэстэн болоход салбар хоорондын уялдаа холбооны асуудал зайлшгүй хөндөгдөнө. Энэ асуудлыг шийдвэрлэсэн жишиг ямар байдаг вэ?

-Миний бодлоор ХХМТГ төрийн оролцоог зөвхөн дэмжигч биш зарим зүйл дээр хэрхэн тэргүүлэгч байдлаар хийж болох вэ гэдгийг харуулж байна л даа. Шийдлийг төр гаргана гэдэг бол маш сайн манлайлал. Сингапурт ч бас төрийн манлайлал хүчтэй байдаг бол зарим орны жишээ эсрэгээрээ хувийн хэвшил нь шийдлээ гаргаад төр нь дэмжигч байдлаар явдаг. Ер нь цахим шилжилтийг амжилттай хийсэн улс, орнууд хүрсэн зам нь янз бүр л байдаг. Хэрэв хорвоо, ертөнц төгс байсан бол энэ замаар л явчихад болно гээд шууд хэлэх л байх. Гэхдээ бодит байдал дээр бид ямартай ч хөгжлийн тэр цэгт очих нь тодорхой, ямар нэг аргаар.

Одоо ХХМТГ-ын e-Mongolia төсөл бол өөрөө жишиг гаргаж, бусад шинэ гарч ирж байгаа төслүүдийг өөртөө холбох боломжийг олгож байна. Хэрэглэгч үүнийг ашиглаж, үнэ цэнээ олж авч чадаж байна. Харин банк, санхүүгийн салбарын шилжилтийг хувийн хэвшил өөрөө хөгжүүлж, манлайлж байна. Хамгийн гол нь тэгэхээр хоорондоо нээлттэй ярилцдаг, эргэх холбоог бий болгож, хамтын ажиллагааг тэтгэж байгаа нь ХХМТГ-ын ололт. Энэ л зам товчлох арга болов уу.

 

-Таны хувьд 10 гаруй жилийн өмнөөс л “Гарааны бизнес” гэх нэвтрүүлгийг хийдэг байсан шүү дээ. Тэр цаг үе болон өнөөгийн өөрчлөлтийг хамгийн тод мэдэрч, харьцуулах хүмүүсийн нэг нь таныг гэж бодож байна.

-Би тэр үед дөнгөж Америкаас ирээд байсан л даа. Start-up гэж үгийг ойлгох хүн ч цөөн байсан. Эхэн үедээ зөвхөн өөрийнхөө хэмжээнд бодоод гадаадад сураад ирсэн хүн Монголдоо гар хоосон ирж байхаар гэж бодоод “Start-Up Weekend” арга хэмжээний эрхийг нь авч, загварыг нь нутагшуулж хийж эхэлсэн. Эндээс л бүх зүйл эхэлсэн гэж болно. Улмаар телевизийн нэвтрүүлэг хийгээд, start-up гэж үгийг гарааны бизнес гэж орчуулаад цаашлаад “Start-Up Mongolia” ТББ-аа байгуулсан. Гарааны бизнес гэдэг ойлголт маш хол, цоо шинэ байсан тэр л нөхцөлд залуустаа үүнийг таниулъя гэж чин сэтгэлээсээ зорьсон.

Одоо эргээд харахаар эхэн үедээ бид хөл дээрээ босох гэж их удсан юм шиг санагддаг. Гэхдээ боссоныхоо дараа бол маш өндөр үсэрсэн. Ялангуяа, сүүлийн таван жилд. Эхэн үедээ уламжлалт бизнес маягаар үүсэж байсан компаниуд яваандаа цахим худалдаа, программ бичих гэхчлэн явсаар тав, зургаан жилийн өмнөөс жижиг компаниуд гарч, амжилт олж хэд хэд нь тодорч гарч ирснээр бидэнд илүү их итгэл үнэмшил, урам зоригийг өгч байна даа. Сингапурт ч яг үнэндээ одоо л залуус нь старт-ап гэдэг миний амьдралын нэг замнал байж болох юм байна гэж хүлээн зөвшөөрч байна. Сингапурын Засгийн газар үүнд 20 жил хөрөнгө оруулсан. Үүнтэй харьцуулахад манайд удаж байгаа мэт боловч нийгэмд хүлээж авах байдал нь хамаагүй өндөр болчихсон. Миний мэдэхийн Сингапурт лав “Shark Tank” нэвтрүүлэг алга.

-Тийм шүү. Сингапурчуудтай ярилцахад монголчууд та нар их соргог юм. Манай залуус сайн сураад, сайн сургуульд ороод, мэргэжил эзэмшчихвэл гайгүй ажилд ороод цалингаа аваад амьдарчих нь. Ийм бэлэн болоод ч юм уу, сониуч биш гэж ярихтай нь таарсан.

-Бид угаасаа шинийг эрж хайдаг энтрепренер сэтгэлгээтэй хүмүүс. Нүүдэлчин ахуйтай холбож тайлбарладаг хүмүүс ч бий. Нөгөө талаас тогтворгүй эдийн засагтай орны хувьд бидэнд хоёр, гурван зүйл хийж байж амь гарах хэрэгтэй чанарыг суулгасан юм шиг. Сингапур болон бусад тогтвортой эдийн засагтай улсад бол чи энэ замаар явах юм бол эдийн засаг чинь чамайг аваад явна аа гээд бүх зүйл тодорхой. Тиймээс урдахаа л сайн хийгээд байвал хоёр тийшээ харах шаардлагагүй. Хамгийн мундаг нь эмч болоод судлаач гээд явна. Харин манайд эмч боллоо ч өнөөдөр амьдралаа хангалуун авч явахад хэцүү байна л даа. Тэгэхээр эдийн засгийн энэ нөхцөл байдал маань биднийг үргэлж олон зүйл рүү харж тэмүүлсэн, нээлттэй, олон боломжийг эрэлхийлдэг байх сургамж өгчихөж. Ганцхан ажилтай хүн Монголд ховор шүү дээ.

-Гарааны бизнесийн талаар зарим судлаачтай ярилцахад старт-ап бол оролддог, бүтэлгүйтдэг, хэдхэн нь л амжилт олдог тогворгүй салбар учраас бодолтой байх ёстой гэж сануулдаг. Энэ тал дээр Та юу гэж боддог вэ?

-Ийм айдаст хөтлөгдөөд залуусыг эхлэхийг нь хүртэл болиулаад байгаа нь буруу гэж боддог. Эхлээ ч үгүй байхад нь айлгаад байж болохгүй шүү дээ.

Өнөөдөр Израилийг харъя. Тэдний залуучуудын эхний сонголт нь армиа сайн төгсөөд, дараа нь старт-ап хийх. Тэр улсын баялаг бүтээж байгаа гол салбар нь технологид суурилж байна, өөр юмгүй. Залуус нь юм эхлүүлдэг, зардаг. Тэдний старт-ап нийгмийн онцлог нь тэр бөгөөд дэлхийн томоохон компаниуд технологийг нь авдаг. Одоо Солонгос ч бас энэ чиглэл рүү явж байна.

Тэгэхээр бүгдээрээ ийм болчихвол болохгүй гэсэн туйлширсан дүр зураг олж хараад, тэрнээсээ болгоомжлоод хойш суугаад байж болохгүй. Өнөөдөр Монголд амжилтанд хүрсэн уламжлалт бизнес эрхлэгчдээ харах юм бол тэд 10, 20 жилийн өмнө одоогийн нөхцөлөө төсөөлж лав эхлүүлээгүй гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас сэтгэл хөдөлсөн дээрээ аливаа шинэ зүйлийг оролдож үзэх, эхлүүлэх нь маш чухал. Аяндаа тэрийгээ авч явах замнал, үйл явц нь биднийг харин ч тууштай болгож, мөн чанарыг нь таниулна. Энэ бүхэн эхэлсний дараа ойлгогддог юм шүү. Учир нь, хэрэглэгчдэд хэчнээн гоё юм ярьж орилоод тэд авахгүй бол биш байна л гэсэн үг. Тэгэхээр хүн хэрэглэх, мөнгө төлөх бүтээгдэхүүн, үйлчилгээ хийх ёстой гэдэг нь явцын дунд ойлгогдож, тэр нь юу вэ, хэрхэн сайжруулах вэ гэдэг нь улам тодорно.

Миний итгэдэг бас нэг зүйл бол гарааны бизнес, энтрепренер гэдэг бол зөвхөн бизнес утга биш. Шинэ зүйл эхлэхийн тулд хүн аливаа асуудлыг олж харж чаддаг, өөрийгөө илэрхийлж сурдаг, хүмүүстэй хамтран ажиллаж, баялаг үүсгэж сурах тэр бүх дадал чадвар нь старт-ап үүсгэхэд шаардлагатай болдог. Тэгэхээр энэ туршлага бол маш баян, амьдралын мөн чанар, хувь хүний үндсэн чадваруудыг агуулж байдаг.

Би анхнаасаа л залууст компани үүсгэх эсэх чинь хамаагүй, гол нь нийгмийн асуудлыг олж харж чаддаг, түүний шийдлийг ямар ч гэсэн бий болгох гэж оролддог хүн болох нь чухал гэж хэлдэг. Энэ чадвар дараа нь эмч, багш юу ч хийсэн сэтгэлгээнд бий болох нь чухал. Тиймээс залуусаа битгий ай, зоригтой яв, юм сур.

-Гарааны бизнесийн экосистем гэх ойлголт хамгийн их яригддаг. Экосистем болохгүй байна гэдэг үг алхам тутамд сонсогддог. Энэ нөхцөл байдал хэр өөрчлөгдөж байна вэ?

-Яах аргагүй өөрчлөгдсөн. Одоо би Японы Засгийн газартай хамтраад тэдний экосистемийг өөрчлөх ажилд төвлөрч байна. Тайвань, БНСУ ч ялгаагүй. Энэ бол миний эрхэлж буй ажил, хийдэг үндсэн зүйл шүү дээ. Ер нь экосистем гэх үгийг Монголд төдийгүй олон улсад үнэндээ хэт их ашигласан нь үнэн. Гэхдээ бид одоо л системийн талаас, зөв харж, өөрчлөлтөд ордог юм уу, түүнийг нь хэрхэн хэмждэг юм гэхчлэн учрыг нь олж эхэлж байх шиг байна. Монголд экосистем өөрчлөгдөж байна уу гэдгийг маш энгийн хэмжүүрүүдээр харж болно. Нийт хэдэн амжилттай старт-ап байна вэ, тэд 1-2 жилийн хугацаанд хэдэн төгрөгийн санхүүжилт босгож, баялаг үүсгэж байна вэ, хэчнээн ажлын байр бий болгож байна, цаашлаад их сургуулиудад ийм хөтөлбөр байна уу, нийгмийнхээ хүрээнд энтрепренершип гэдэг үгийг хэдэн хүн ойлгож байна, телевизийн хэдэн ийм нэвтрүүлэг байна гэхчлэн. Ингэж цогц байдлаар авч үзэх юм бол манайд сүүлийн 5-6 жилд маш их өсөлт гарч байна. Манай ээж хүртэл тэр компанийн хувьцаа гарсан байна, авах юм уу гэж асууж байна гэдэг бол гарааны бизнес гэдэг зүйл өнөөдөр нийгэмд ямар энгийн зүйл болж, ойлголт нь сууж вэ гэдгийн илрэл шүү.

-Эрхэлдэг ажлынхаа талаар дурдсаных ойрд ямар ажилд төвлөрч байна вэ?

-Миний хувьд “Techstars” компанийн Ази, Номхон далайн экосистем хөгжүүлэлтийн Ахлах захирлаар ажилладаг. Дээр хэлсэнчлэн хот, улсын хэмжээнд экосистемийг нь харж, үнэлж, хөгжүүлэх гэж болно. Тэдэнд юу хийвэл чухал вэ гэдгийг зөвлөж, компаниудын төлөөлөлтэй тулж ажиллаад тэднийг хөгжүүлэх, олон улсад гаргах гэхчлэн яг л манай “Digital Nation”-ий хүрээнд хийгдэж буйтай адил. Одоогоор бид Япон улсын Засгийн газартай хамтран улс даяар, найман мужаас нь 30 шилдэг компанийг шалгаруулах эрэл хайгуулд төвлөрч байна. Тэднийгээ Засгийн газартай нь хамтарч дэмжлэг үзүүлж, хурдасгуур хөтөлбөрт хамруулж, олон улсад санхүүжилт босгоход нь туслах юм. Урьд нь энэ загвараар тэдний 24 компанитай ажиллаж, амжилттай болсон тул хоёр дахь удаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. БНСУ, Тайваньд хийж байгаа ажил минь ч ийм л хэлбэртэй.

-Энэ орнуудыг харвал эдийн засаг болоод хөгжлийн түвшнээр биднээс харьцангуй урд яваа улс байна шүү дээ. Ямар учраас тэдэнд ч бас ийм хэрэгцээ, шаардлага байгаад байна вэ?

-Дахиад л экосистем гэдэг үгээ ашиглах хэрэгтэй болох нь. Өөрөөр хэлбэл, гарааны бизнес гэдгийг нийгмийн нэг салбар гэж авч үзье л дээ. Дээрх улсуудын хувьд гарааны бизнесийн салбар нь бусад салбартайгаа эн тэнцүү хөгжөөгүй, шинэ хэвээрээ байгаад байна гэсэн үг. Ялангуяа, залуусын сонголт нь хэт уламжлалт буюу хичээлдээ яваад, сургуулиа төгсөөд, байдаг мэргэжлээ эзэмшээд, ажлаа хийгээд амьдрах. Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлт нь тогтоод, магадгүй удаашраад эхлэхээр илүү инновацлаг зүйлс хийж байж том хэмжээний өсөлт бий болгоно. Тэгээд л старт-ап руу орохоос аргагүй. Тайванийн эдийн засгийг харвал товчхондоо микрочип, сэмикондактор дээр боссон. Гучин жил өрнүүлсэн хөдөлгөөн нь өнөөдрийг нь бий болгосон. Одоо тэдэнд дараачийн алхам хэрэгтэй. Сингапурын хамгийн том баялгийн сан Temasek-тэй бид бас ажиллаж байна. Баялгийн сан нь маш их мөнгөтэй боловч шинэ санаанууд хэрэгтэй байна. Түүнийг олж сурах, таньж мэдэж сурах шаардлагатай. Тиймээс бид сургалт явуулж, энэ салбарыг нь хөдөлгөж, урагшлуулах тал дээр ажилладаг. Миний хувьд “Techstars” гэж Америкийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын санд долоон жил ажиллачихлаа. Манайх жилд 500 компанид хөрөнгө оруулдаг, одоогоор 18 юникорныг өөрөөсөө гаргасан, олон тэрбум долларын баялгийг үүсгэсэн учраас надад олдсон завшаан нь энэ салбарт яаж ажиллах вэ, юуг, хэрхэн хийх ёстой вэ гэдэг туршлага, арга барилыг хуримтлуулсан. Түүнийгээ өнөөдөр бусад улсад үйлчилгээ болгон санал болгож, зөвлөөд ажиллаад явж байна.

-Таны ярианд гарсан юникорн гэж ямар компанийг хэлдэг вэ? Ойрын үед телевизээр “Unicorn” нэртэй нэвтрүүлэг гарч, салбарын тоглогчид ярилцаж байхыг хэдэнтээ үзсэн юм байна.

-Сайхан асуулт байна. Бид “Digital Nation” арга хэмжээг хийснийх Монголын “юникорн” гэх нэр томъёог бий болгоё гэдэг санал надад байна. Энэ бол байдаг гэдэгт нь зарим хүн итгэдэг, зарим нь итгэдэггүй, олоход хэцүү тийм амьтан шүү дээ. Төсөөлөл нь Америкт бий болсон бөгөөд нэг тэрбум ам.долларын үнэлгээнд хүрсэн старт-апыг хэлдэг юм. Дөнгөж эхэлсэн гарааны бизнест энэ бол нэг эвэртэй морь олохтой адил биелэгдэшгүй шахам зүйл байлаа шүү дээ. Тэгэхээр манайд ч бас ийм амьтан байдаг, тэр бол хангарьд. Монголчууд бид хоорондоо хэдэн хангарьд компанитай вэ, хэд нь тэрбум долларын үнэлгээнд хүрэв гээд ярилцдаг бол гоё шүү дээ. Энэ бол старт-апын өндөр амжилтыг тэмдэглэдэг нэр томъёо л доо.

-Цаашид энэ салбар урагштай хөгжихөд хүний нөөцийн асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Бидэнд хэр их нөөц бололцоо байна вэ?

-Бид олуулаа биш ч гэлээ нийт оюутны тоог аваад үзвэл өрсөлдөхүйц хүний нөөцийг үүсгэхэд тийм ч хэцүү биш. Мянган инженерийн хөтөлбөр гэхчлэн зорьж бэлтгэх арга хэлбэр бий. Бид хэрэв 100 мянган хөгжүүлэгч инженертэй болчих юм бол дотооддоо хүний нөөцөө бүрэн хангаж цаашлаад гадагшаа экспортлох боломжтой болно. Гурван сая хүн гэдэг бол цөөн тоо биш.

Би хоёр жилийн өмнө Энэтхэгийн Засгийн газартай хамтарч ажиллаж байсан юм. Тэдний хийдэг зүйл бол технологийн сургуулиудыг олноор нь байгуулж, хүнээ бэлдсэнээр одоо дэлхий дахинаа инженерийн гол бааз болчихсон. Үүн шиг бид 1000, 10 мянган, 100 мянган инженертэй болъё гээд зоривол болохгүй зүйлгүй. Би энийг холын мөрөөдөл гэж бодохгүй байна. Нөгөөтэйгүүр нийтлэг компанид ажиллахад шаардлагатай инженерийн мэдлэгийг заавал дөрвөн жилийн хөтөлбөрөөр олгох шаардлагагүй болчихлоо. Full stack developer болохын тулд хүн зургаан сарын хөтөлбөрт суралцаад төгсөх хэмжээнд заах арга нь энгийн болоод хөгжчихсөн.

-Энэ удаа “Digital Nation-2021” арга хэмжээнд “Women in Tech” хэлэлцүүлэг байгаа нь анхаарал татаж байгаа. Энэ салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог Та хэрхэн хардаг вэ?

-Миний хувьд саяхан “Mommy” гэж аппликейшнийг хамтран гаргалаа. Монголд гэртээ хүүхдээ хараад ажил эрхлэх боломжгүй нөхцөлд 150 мянга орчим ээж байдаг юм байна. Тэдэнд нийгэм, эдийн засгийн маш олон асуудал тулгарч байна. Үүнийг нь шийдэхийн тулд бид ээжүүдэд сургалт санал болгож, улмаар зайнаас ажил гүйцэтгэх боломжийг бий болгож байгаа юм. Энэ компанийг хамтран үүсгэн байгуулсан хүмүүс маань эмэгтэйчүүд. Би олон эмэгтэй мэргэжилтэнтэй хамтран ажилладаг.

Манай экосистемд бусад орнуудтай харьцуулахад эмэгтэйчүүдийн оролцоо их сайн. Солонгос, Японы 20 компанийг харахад л нэг эмэгтэй захирал байснаас биш нэг ч эмэгтэй үүсгэн байгуулагч байгаагүй.

-“Digital Nation-2021” арга хэмжээний хэтийн төлөвийг юу гэж харж байна вэ?

-Хамгийн чухал нь өмнө нь экспо байсан арга хэмжээ энэ жилээс ард түмэндээ хандаад дижитал гэдэг чинь ийм ач холбогдолтой, ийм зүйл юмаа гэдгийг таниулах ажил хийж байгаа нь онцлууштай. Цаашид энэ арга хэмжээ Азидаа тэргүүлэх үйл явдал болох бүрэн боломжтой. Одоогоор Хонг Конг, Тайланд, Сингапурт энэ зэргийн том арга хэмжээ болдог. Цар хүрээг нь олон улсад тэлэхийн тулд энэ жил бид тодорхой алхмуудыг хийсэн, харамсалтай нь цар тахлын нөхцөл байдлаас болоод төсөөлсөнд арай хүрэхгүй байна. Гэхдээ дараагийн жилүүдэд бидэнтэй хамтаръя гэсэн санаачлагууд маш олноор нээлттэй ирж байгаа нь итгэл төрүүлж байна. Тиймээс ирээдүйд илүү өргөжиж, монгол залуучууд, энтрепренерүүдээ олон улсад гарахад нь маш том суурийг бэлдэж өгч байна гэж харж байна.

 

Ярилцсан Ж.Хулан