Парламентын дарга нарын Дэлхийн V Бага хурал Вена хотод боллоо. Хуралд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкатай 2021 он есдүгээр сарын 6-ны өдөр уулзаж, КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн авч буй хариу арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны механизмын ач холбогдол, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр парламент хоорондын хамтын асуудлаар санал солилцов.
Тэрбээр энэ үеэрээ тус хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулж буйд Австрийн Үндэсний Зөвлөл Ерөнхийлөгч Вольфганг Соботкад талархан баяр хүргэж, амжилт хүслээ. Хуралд нийт 110 гаруй улсын Парламентын дарга нар оролцож буй бөгөөд тааламжтай цагт Монгол Улсад айлчлахыг урив.
Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг аль нэг улс дан ганцаар бус харин олон талт механизмаар дамжуулан нягт хамтран ажиллах нь чухал гэдгийг талууд уулзалтын үеэр онцолж байв.
Мөн хоёр талын хамтын ажиллагаа улс орны хөгжил цэцэглэлтэд онцгой үүрэгтэйг талууд дурдаж, нэн ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх бүх боломжийг эрэлхийлэх, ингэхдээ хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Манай Улс Австри Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Австри Улс нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхдагч орнуудын нэг юм.
Эх сурвалж: ГХЯ