Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Санкт Петербург хотын сонгуульд гурван ижил нэр, зүстэй хүн нэр дэвшиж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын улс төрд өрсөлдөгчтэйгээ ижил нэртэй хүнийг сонгуульд нэр дэвшүүлж, сонгогчдыг төөрөгдүүлэх, санал хуваах арга түгээмэл хэрэглэгддэг.

Тэгвэл энэ удаа нэрнээс гадна, царай зүс ижил хүмүүс нэг тойрогт нэр дэвшсэн тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ сарын сүүлээр болох орон нутгийн сонгуульд Санкт Петербург хотод нэр дэвшсэн Яблоко намын гишүүн Борис Вишневский ийм асуудалтай тулгарчээ.

Түүнтэй нэг тойрогт адилхан нэртэй хоёр нэр дэвшигч өрсөлдөгч намуудаас гарч ирсэн байна. Ням гарагт сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн танилцуулгыг гаргахад адилхан Борис Вишневский нэртэйгээс гадна адилхан сахал, адилхан халзан толгойтой хоёр нэр дэвшигч ил болжээ.

Жинхэнэ Вишневксийг ялгаж таних ганцхан арга нь түүний зүүсэн зангиа гэнэ.

Хуурамч Вишневский нар сонгуулийн өмнөхөн нэрээ сольж, сахлаа ургуулж, гадаад зүсээ өөрчилсөн болохыг чөлөөт хэвлэлүүд олж тогтоожээ.

Тухайлбал саяхныг хүртэл Виктор Быков нэртэй байсан нэг Вишневский нь сүүлд царай зүсээ өөрчлүүлж, гэрэл зурагтаа хүртэл засвар оруулсан байж магадгүйг сонгуулиас өмнө авхуулсан зурагтай нь харьцуулсан мэргэжилтнүүд ярьж байна.

Өмнө нь Алексей Шмелев нэртэй байсан нөгөө нэг нэр дэвшигчийг Санкт Петербургийн нэгэн компанид борлуулалтын менежэр хийдгийг хэвлэлүүд олж тогтоожээ.

“Тэд ийм хуйвалдаанд үнэ төлбөргүй оролцож байгаа гэж би бодохгүй байна” гэсэн жинхэнэ Вишневский өрсөлдөгчид нь яг ямар зорилгоор ингэснийг хэлж мэдэхгүй байгаагаа ярьсан байна.

Зарим хэвлэлүүд эрх баригч Нэгдсэн Орос нам хүчтэй өрсөлдөгчдөө унагахын тулд ийм арга хэрэглэдэг гэж бичжээ.

“Энэ бол бүр 1990-ээд оноос эхлэлтэй арга заль. 27 жилийн дараа ч үр дүнтэй хэвээр байна” хэмээн улс төр судлаач Константин Калачёв ярьж байна.

Гурван Вишневский нэг тойрогт нэр дэвшсэн талаар ОХУ-ын Сонгуулийн Төв Хорооны дарга Элла Памфилова өчигдөр Коммерсант Радио станцад сэтгэгдлээ ярьжээ.

Тэрбээр үүнийг “шившигтэй явдал” гэж шүүмжлээд гол буруутан нь өнөөдөр үйлчилж буй хэтэрхий либерал сонгуулийн хууль гэсэн байна.

Памфилова сонгуулийн дараа дахин ийм арга заль хэрэглэх боломжийг хаах хуулийн нэмэлтийг санаачлахаа амлажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe, The Guardian