Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Францын домогт жүжигчин Жан Поль Белмондо 88 насандаа таалал төгслөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Францын кино урлагийн “Шинэ давалгаа”-ны үед төрсөн од болох жүжигчин Жан Поль Белмондо 88 насандаа Парис дахь гэртээ таалал төгссөн тухай түүний өмгөөлөгч Даваа гарагт мэдэгджээ.

Домогт жүжигчний уран бүтээлийн замнал хагас зууны турш үргэлжилсэн бөгөөд 1960-аас 1980-аад оны дэлхийн кино урлагийн томоохон одуудын нэг байв.

Белмондогийн тоглосон кинонуудыг дэлхийн кинотеатруудад нийтдээ 130 сая гаруй удаа үзүүлсэн гэх тоо баримт байдаг.

Анх найруулагч Жан Люк Годарын “Breathless” кинонд дүр бүтээж алдаршсан Белмондо гэмт хэрэг, триллер төрлийн уран бүтээлүүдээс гадна Роми Шнайдер, Алан Делон нарын хамт мелодрам кинонуудад дүр бүтээж байжээ.

Боксчин байсан тэрбээр тулаант киноны дүрүүдээ орлон тоглогчгүйгээр бүтээдэг байв. Сүүлд тэрбээр тулаант киноноос зодог тайлж байгаагаа зарлахдаа “Би Францын кино урлагийн нисдэг өвөө болмооргүй байна” хэмээн хошигнож байжээ.

 

Саажилтын улмаас Белмондо 2001 онд хэвтэрт орж, амьдралын сүүлийн жилүүдээ дахин алхаж, ярьж сурахад зориулж байжээ. 2009 онд тэр “A Man and His Dog” нэртэй сүүлчийн кинондоо тоглосон нь шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч чадаагүй юм.

Белмондо сүүлд чанаргүй бүтээл гаргасандаа уучлал гуйсан ч энэ нь түүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлснийг ярьж байжээ.

Белмондо 1933 оны дөрөвдүгээр сарын 9-нд Парисын захын дүүрэгт уран бүтээлч гэр бүлд мэндэлж байв. Түүний аав Поль Белмондо барималч, ээж Сара Райно Ришар зураач байжээ.

Амьдралдаа хоёр ч удаа гэрлээд бүтэлгүйтсэн Белмондо сүүлд Урсула Андресс, Лаура Антонелли хэмээх жүжигчин бүсгүйчүүдтэй урт хугацаанд дотно харилцаатай байсан гэдэг.

Белмондог Empire сэтгүүл кино урлагийн түүхэн дэх хамгийн хүсэмжит 100 одын жагсаалтад нэрлэж байжээ.

 

Эх сурвалж: BBC