Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали улс нүүрснээс татгалзах болоогүйгээ зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан элч Сэлвин Харт ирээдүйн эдийн засгийн сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд нүүрснээс татгалзах шаардлагатайг Австрали улсад анхааруулсан юм.

“Хэдийгээр уул уурхайн салбар нийт ажиллах хүчнийх нь 2 орчим хувийг бүрдүүлдэг ч нүүрс болон бусад шатдаг түлш Австралийн эдийн засагт ямар чухал үүрэгтэйг бид ойлгож байна. Гэхдээ дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээг хангалттай богино хугацаанд халж чадахгүй байсан ч Австралийн эдийн засгийн бүх салбарт том сүйрэл нүүрлэх эрсдэлтэй байна. Тиймээс Австралийн ашиг сонирхол яг юу болох талаар илэн далангүй хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай” гэж Харт өчигдөр Австралийн Үндэсний Их сургууль дээр зохион байгуулагдсан Crawford Leadership Forum арга хэмжээнд видео холбоогоор оролцохдоо хэлсэн юм.

Нэг үгээр хэлбэл тэрбээр Австрали улсыг нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд илүү анхаарал тавихыг уриалсан байна. Хэрвээ ингэхгүй бол дэлхийн дулаарлаас үүдэлтэй ган гачиг, хэт халалт, гал түймэр, үерийн гамшиг улам эрчимжиж аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг Австралийн эдийн засгийн бусад салбаруудад хохирол учруулахыг тэр хэлжээ.

Сэлвин Хартын анхааруулгын дараа Австралийн засгийн газрын ус, байгалийн нөөцийн сайд Кэйт Питт хийсэн мэдэгдэлдээ “Манай эдийн засагт олон мянган ажлын байр бий болгож, олон тэрбумын экспортын орлого оруулдаг чухал салбарын ирээдүйг гадны хэн нэгэн биш, Австралийн засгийн газар шийднэ” гэсэн байна.

Тэрбээр нүүрсний салбарын эдийн засагт үзүүлдэг олон ашиг тусыг тоочсон ч уур амьсгалын өөрчлөлтөд ямар нөлөө үзүүлдэг талаар огт дурдаагүй юм.

Питт мэдэгдэлдээ “нүүрсний хэрэглээг 2030 оноос эхлэн зогсоох нь хэтэрхий дэгсдүүлсэн зорилт бөгөөд цаашдаа эрэлт нь тасрахгүйг бидний тооцоо харуулж байна” гэжээ.

Австралиас бусад өндөр хөгжилтэй улс орнууд 2030 оноос эхлэн нүүрснээс салах зорилт тавиад ажиллаж байгаа юм.

“Ази тивийн нүүрсний хэрэглээний талаар Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн явуулсан судалгаагаар бол ирэх арван жилд Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг улсуудын эрчим хүчний хэрэгцээ улам нэмэгдэхээр байна. Энэ хэрэгцээг хангахад Австрали улс чухал үүрэгтэй тоглогч болж байгаа юм. Нүүрс цаашдаа Австрали улсад 50,000 гаруй ажлын байр бий болгож, олон тэрбумын татварын орлого оруулсаар байх болно” гэж Питт мэдэгдэлдээ дурджээ.

Австрали улс нь дэлхийн хоёр дахь том нүүрс олборлогч бөгөөд нэг хүнд оногдох хүлэмжийн хийн үйлдвэрлэлээр ч дээгүүр жагсдаг.

Европын Коммиссийн гаргасан мэдээллээр нэг австрали хүнд жилд 17 тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт оногддог байна. Гэтэл дэлхийн дундаж 5 тонн хүрэхгүй хэмжээтэй байдаг.

Дэлхий даяар хэрэгжиж буй нүүрсний 176 шинэ төслийн 79 нь Австрали улсад ноогдож буйг Fitch Solutions-ийн Global Mines Database тайланд мэдээлжээ.

 

Эх сурвалж: CNN