Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Олон улсын кино арга хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ оны №33 дугаар хэвлэгдэн гарчээ. Тус дугаарт Кино урлагийг дэмжих тухай хууль болон дагалдах хуулиудыг багтаасан байна. 

Ингээд эдгээр хуулийн онцлох заалтуудыг хүргэе. 

Манай улс анх удаа Кино урлагийг дэмжих хуультай болсон. Тус хуулийг энэ оны долдугаар сарын 2-нд баталсан бөгөөд монгол уран бүтээлчдийг дэлхийн хэмжээний кино уран бүтээл хийхэд дэмжлэг үзүүлэх, кино урлагийг дэмжих сан байгуулах асуудлыг хуулийн төсөлд тусгаад буй. 

Тодруулбал, монгол уран бүтээлчдийн хийсэн кинонд буцалтгүй тусламж үзүүлэх, кино продакшнуудад зээл олгох аж. 

Тус сан нь дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ. 

  • Эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилт,
  • Эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олголт, 

Кино урлагийг дэмжих хуульд:

  1. Уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, дотоод, гадаадад сургах, мэргэшүүлэх,
  2. Иргэн, хуулийн этгээд кино үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах,
  3. Олон улсын кино арга хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд Соёлын тухай хуульд зааснаар мөнгөн шагнал олгох, (Соёлын ажилтныг олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, уралдаан тэмцээнд оролцоход төрөөс дэмжлэг үзүүлж, онцгой амжилт гаргасан соёлын ажилтанд мөнгөн шагнал олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална хэмээн Соёлын тухай хуульд тусгажээ)
  4. Кино урлагийн төрөлжсөн мэдээллийн сантай болно, 
  5. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон манай улсын хуулийн этгээдтэй хамтарч олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгох,
  6. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд  зөвшөөрөл авахгүйгээр зураг авалт хийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
  7. 18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр өдрийн буюу 06:00-22:00 цагт нэвтрүүлсэн эсвэл кино театр, үзвэрийн цаг, танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлсэн бол арван нэгж, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
  8. Төрөөс кино үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлнэ хэмээн тус тус заажээ.