Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баярсайхан: Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан

www.ulaanbaatar.mn
2021 оны 9 сарын 6
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хуралдааны  үеэр 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл болон есдүгээр сарын 15-наас эхлэн халаалт өгөх бэлтгэл ажлыг хангасан эсэх, хугацаандаа халаалтаа авч чадахгүй айл өрх, сургууль, цэцэрлэг байгаа юу гэдгийг Хотын дарга асуусан юм. Үүнд Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан” гэв.

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил долдугаар сарын 5-нд эхэлсэн. Есдүгээр сарын 15-н гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мөн танилцуулав. Нийт ажлын 74 хувийг хийжээ.

Төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах судалгааг эхлүүлжээ

 
https://www.ulaanbaatar.mn/

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, арга хэмжээний ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг зохих журмын дагуу боловсруулах ажлын явц ямар байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулав. Энэ хүрээнд нийтийн тээврийг уртасгасан цагаар буюу 05:30-00:00 цагийн хооронд зорчуулахаар Ч:2, Ч:5, Ч:7 гэсэн гурван чиглэлийг есдүгээр сарын 3-наас хойш туршилтаар явуулж эхэлжээ. Мөн төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах судалгааг эхлүүлсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хуралдааны төгсгөлд гурван чиглэлээр 11 үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, сургуулийн орчимд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

 
https://www.ulaanbaatar.mn/

Сургуулийн автобусны аюулгүй байдлыг сайтар хангах ажлын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг сайтар  мөрдүүлэх, угаалга, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэх, техникийн аюулгүй байдлыг сайтар хангах, маршрут, чиглэл, хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлж ажиллахыг даалгав.

Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгахыг үүрэг болголоо. Түүнчлэн иргэдийг угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлж зөвлөмж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэхийг, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг даалгасан байна.