Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт КОВИД-19 халдвар бүртгэгджээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын 29 сургууль, цэцэрлэг зайн сургалтад шилжсэн талаар мэдээллийг Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өглөө.

КОВИД-19-ийн халдвар илэрсэн тохиолдолд сургууль, цэцэрлэг дээр ямар арга хэмжээ авах талаар БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан.

Энэ дагуу өнгөрсөн Баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2,571, 11 сургуулийн 55 бүлгийн 1,590 хүүхэд зайн сургалтад шилжжээ. Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт КОВИД-19 халдвар бүртгэгдсэн гэсэн үг юм. 

 Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгүүд 4, 5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байгаа.

Сурагчдыг цар тахлын халдвар авах эрсдэлийг бууруулах, хамгаалах зорилгоор энэ хичээлийн жилийн эхэн үед 5/9 зарчим баримтална. Уг зарчим хэр хугацаанд үргэлжлэх нь халдварын нөхцөл байдлаас хамаарах бөгөөд хэрэв байдал хүндэрвэл 4/10 болох тухай судлаачид хэлж буй.

Одоогийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа бөгөөд хотын дарга халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдваргүйжүүлэлтийг байнга хийх ёстойг онцолсон байна.

Өнөөдрөөс 37 чиглэлд сургуулийн 37 автобус үйлчилгээнд явж эхэлжээ.