Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Их мөнгөний хонжвортой сугалааны тасалбар хулгайлаад зугтсан этгээдийг Ром хотод баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Их мөнгөний хонжвортой сугалааны тасалбар хулгайлаад зугтсан этгээдийг цагдаа нар Ром хотын олон улсын нисэх буудалд саатуулсан тухай Италийн хэвлэлүүд Ням гарагт мэдээлжээ.

Сэжигтэн этгээд бусдын 500,000 еврогийн хонжвортой сугалааны тасалбарыг авч зугтаад эрэн сурвалжлагдаж байсан гэнэ. Тэрбээр Ром хотоос Канарын арлууд руу нисэх гэж байжээ.

Баасан гарагт Неаполь хотын нэгэн тамхины дэлгүүрээс хусаж арилгадаг сугалааны хоёр тасалбар авсан өндөр настан хонжворыг шалгаж өгөхийг дэлгүүрийн ажилтнаас хүссэн байна. Ажилтан тасалбаруудыг шалгуулахаар дэлгүүрийн эзэндээ өгчээ.

Гэтэл тасалбаруудын нэг нь хагас сая еврогийн хонжвортойг мэдсэн дэлгүүрийн эзэн тэр дороо тасалбарыг аваад моторт дугуйгаар зугтаасан байна.

Италийн цагдаагийн газар өнгөрсөн амралтын өдрүүдэд сэжигтнийг эрэн сурвалжилж байжээ.

Энэ хугацаанд Италийн татварын алба хонжвор таарсан бүлэг тасалбарыг царцааж, өөр хэн нэгэн бэлэн мөнгө болгож авахыг хориглоод байсан юм.

Сэжигтэн этгээд баривчлагдах үеэр биед нь сугалааны тасалбар байгаагүй тул илрүүлэхээр ажиллаж байгаагаа цагдаагийн газар мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press